Шинжлэх ухааны өгүүллийн цахим сан

Хустайн байгалийн цогцолборт газрын хөрсний амьтдын бүлгэмдэл


Б.Баяртогтох, Э.Отгонжаргал
МУИС, Биологийн факультет, Амьтан судлалын тэнхим, e-mail: bayartogtokh@num.edu.mn

Хураангуй

On the bases of studies on composition and ecology of soil arthropods in the Hustai National Park, totally 143 species are identified, and among them six species of beetle mites are recorded for the first time in the fauna of Mongolia. Among the soil microarthropods found in Hustai National Park, the oribatid mites (Acari: Oribatida) are dominated not only in species richness and diversity, but also in population density. The other groups of microarthropods such as collembolans, mesostigmatid and prostigmatid mites, and the adults and juveniles of other groups of insects were relatively lower in both species diversity and population density. Species diversity of oribatid mites in river meadow biotope has much lower than those in the other habitats, as index H’ was equal to 2.9. The birch forest show relatively high species diversity, which fluctuated between 2.9 and 3.4. As for the distribution pattern or evenness of oribatid mite species in their communities, the mountain steppe and birch forest habitats show high index of evenness (J = 0.65-0.71) than relatively lower evenness index in meadow habitats, which equal to 0.45-0.52. The patterns of seasonal fluctuation of soil microarthropods, biogeographical structure, morpho-ecological types, as well as correlation between soil moisture, texture and diversity of arthropods are discussed hereunder.

Түлхүүр үг: хөрсний амьтад,бүлгэмдэл,улирлын динамик,Хустай

Удиртгал

Микроартропод буюу бичил үе хөлт амьтад харьцангуй эртний үүсэлтэй бөгөөд девоны галавын үеийн хурдаснаас эрмэл байдлаар илэрдэг бөгөөд түүхэн хөгжлийнхөө явцад морфо-экологийн олон чиглэлийг үүсгэж хөгжсөн байдаг (Криволуцкий и др., 1990; Norton et al., 1988; Norton & Poinar, 1993; Arillo & Subias, 2002; Subias & Arillo, 2002; Schatz et al., 2002). Микроартропод бүлгийн амьтдын олонхи нь хөрсний амьдралтай бөгөөд энэхүү бүлэгт чөлөөт амьдралт хачгууд, анхдагч далавчгүйтэн буюу доод хөгжилт шавьжууд, микрометрээр хэмжигдэхүйц жижиг бие бүхий аалз хэлбэртэн, шавьж, олон хөлтөн, тэдгээрийн авгалдай, нимфүүд багтах бөгөөд эдгээр амьтад 1м2 талбайн хөрсөнд хэдэн арав, зуун мянгаараа тохиолддог. Тэдгээрийн дотор паразит болон махчин хооллолттой зүйлүүд бараг тохиолддоггүй ба ихэнх нь сапрофаг буюу органик үлдэгдлээр хооллодог. Тэдгээрийн зүйлийн баялаг болон тоо толгойн хэмжээ асар өндөр учраас уг амьтдын зүгээс байгалийн экосистемд явагдах биогенийн бодисын эргэлтийг түргэтгэхэд онцгой үүргийг гүйцэтгэх бөгөөд, ялангуяа хөрсөн явагдах органик нэгдлийн задралыг хурдасгах, хөрсний үржил шимт чанарыг сайжруулахад чухлаар нөлөөлдөг (Стриганова, 1980; Mitchell, & Parkinson, 1976; Behan & Hill, 1978; Kaneko, 1988). Нөгөө талаар хөрсний микроартроподууд экосистемийн бүтэц, үйл ажиллагаанд буй болсон сөрөг өөрчлөлтүүд болон бохирдолд ихээхэн мэдрэмтгий байдаг учраас сүүлийн жилүүдэд тэдгээрийг орчны бохирдол, элэгдэл эвдрэлийг оношлоход биологийн индикатор болгон ашиглах чиглэлээр судалгаа шинжилгээний ажил эрчимтэй хийгдэж байгаа билээ (Криволуцкий, 1970; Straalen, 1997, 1998; Weigmann, 1997).
Учир нь хөрсний ихэнх зүйлийн микроартроподууд экосистемийн өөрчлөлт, хувьсалд ихээхэн мэдрэмтгий байдаг учир зөвхөн хэвийн бүтцээ хадгалсан, элэгдэл эвдрэлд өртөөгүй орчинд олноор амьдрах чадвартай байдаг. Харин харьцангуй цөөн зүйлийн бичил үе хөлт амьтад элэгдэл эвдрэлд өртөж талхлагдсан юмуу бохирдсон орчинд ч амьдрах чадвартай байна. Иймд хөрсний амьтдын бүрэлдэхүүн, бүлгэмдлийн бүтэц, тоо толгойн өөрчлөлт, динамик, зонхилогч зүйлүүдийн харьцаа зэрэг үзүүлэлтийг тэдгээрийн амьдрах орчны хэвийн тогтоц хадгалагдаж үлдсэн эсэх, мөн үйлдвэрлэлийн болон хүний бусад үйл ажиллагааны нөлөөгөөр бохирдож, элэгдэл эвдрэлд орсон эсэхийг тодорхойлох гол үзүүлэлт болгон биоиндикацийн судалгаанд ашиглах боломжтой юм.
Ийм ч учраас хөрсний микроартропод бүлгийн амьтдын экологи, ангилал зүйн болон тэдгээрийн биологийн олон янз байдлын үзүүлэлтүүдийг тодорхой нэгэн бүс нутагт дагнан судлах нь онолын болон практикийн хувьд ихээхэн ач холбогдолтой. Иймд тодорхой нэгэн экосистем болон дандшафтуудын хөрсний үе хөлтний экологи, систематик, бүлгэмдлийн бүтэц, түүний улирлын динамик болон бэлчээр ашиглалт, газар тариалангийн үйлдвэрлэлийн зүгээс эдгээр амьтдын бүлгэмдэлд хэрхэн нөлөөлж буйг судлан тогтооход анхны эх мэдээд материалыг бүрдүүлэх зорилгоор энэхүү төслийг ХБЦГ-т хэрэгжүүлсэн болно.
Судалгааны зорилго, зорилт
Энэхүү судалгааны үндсэн зорилго нь Хустайн Байгалийн Цогцолборт Газрын янз бүрийн экосистем болон биотопуудын хөрсний микроартроподын бүрэлдэхүүн, экологийн судалгааг хийж, тэдгээрийн бүлгэмдлийн бүтцэд гарч буй өөрчлөлтийг хуурайшилт, хөрсний чийгшилт ба механик бүтцийн өөрчлөлт, улирлын солигдол зэрэг хүчин зүйлстэй холбон тогтооход оршиж буй болно. Дээрх зорилгын хүрээнд дараахь зорилтуудыг дэвшүүлэн шийдвэрлэв. Yүнд:

  • Хустайн БЦГ-ын хөрсний бичил үе хөлт амьтдын бүрэлдэхүүнийг илрүүлж, ангилал зүйн үндсэн бүлгүүдийн харьцааг тогтоох. • Зүйлүүдийн ареалын болон биотопын тархалтын анализыг хийсний үндсэн дээр янз бүрийн биотопуудад тархсан байдал, тохиолдоц зэргийг тодорхойлох.
  • Микроартропод бүлгийн амьтдын зүйлийн баялаг, зүйлийн олон янз байдал, тоо толгойн төлөв байдал, тохиолдоц, нягтшил зэрэг үзүүлэлтийг амьдрах орчны хүчин зүйлс, улирлын ялгаатай нөхцөл болон газар ашиглалтын хүчин зүйлсийн нөлөөтэй харьцуулан үнэлэх.
  • Бэлчээр ашиглалтын горимоороо ялгаатай газар нутгуудад тохиолдох копрофиль шавьжийн олон янз байдал болон тоо толгойн хэмжээ мал амьтны төрөл, бэлчээр ашиглалтын эрчим зэргээс хамаарч хэрхэн өөрчлөгддөг болохыг илрүүлэх зэрэг зорилтуудыг тавьсан болно.

Материал арга зүй

Хээрийн судалгааны материалыг 2009 оны 04-09 саруудад, сар бүрийн 2 юмуу 3-р долоо хоногт ХБЦГ-ын хамгаалалтын болон орчны бүсэд байрлах хусан ой, уулын хээр, голын чийглэг нуга, уулын нуга, хээр, хаягдсан тариан талбай зэрэг үндсэн биотопуудаас цуглуулав. Судалгаанд дээр дурьдсан үндсэн биотопуудыг хамруулахдаа тэдгээрийн экологийн өнөөгийн байдал буюу тогтоц, ашиглалтын горим зэргээс хамааруулан хооронд нь харьцуулах байдлаар, тухайлбал мөхөж буй хусан ойг хэвийн нөхцөл бүхий хусан ойтой, тахь болон бусад том өвсөн тэжээлт амьтдын бэлчээр нутаг болон ашиглагддаг уулын хээрийг мөн ижил нөхцөл бүхий хашсан хяналтын талбайтай, газар тариалангийн зориулалтаар ашиглагдаж байсан атаршсан талбайг түүнтэй зэргэлдээ орших хээрийн биотоптой г.м.-ээр харьцуулалт хийх зорилгоор дээж материалыг цуглуулав. Судалгааны явцад нийт 16 цэгээс тус бүр 125 см3 эзэлхүүнтэй, 3 давталтаар нийт 288 хөрсний дээжийг цуглуулав.
Цуглуулгын материалыг стандарт арга зүйн дагуу термоэклектор багажаар ялгаж, фиксацлан хадгалж, лабораторийн боловсруулалт хийв. Хээрийн болон лабораторийн судалганд Magurran (1988), Krebs (1989), Gуrny & Grьm (1993), Schinner et al. (1995), Southwood (1996) нарын боловсруулсан арга зүйг ашиглав. Судалгааны дүн мэдээ, тоон үзүүлэлтэнд статистик боловсруулалт хийхэд дараахь индекс болон коэффициентүүдийг ашиглав. Yүнд: судалгаанд хамрагдсан биотоп тус бүрийн хөрсний амьтдын зүйлийн баялгийг тухайн амьдрах орчноос илэрсэн бодит зүйлийн тоогоор (S), зүйлийн баялгийн онолын тооцоог гаргахдаа Жакнайфын индексийг () тус тус ашиглан тодорхойлсон бөгөөд энэ нь дараахь томьёогоор илэрхийлэгдэнэ.


Янз бүрийн биотоп болон ландшафтаас илэрсэн бичил үе хөлт амьтдын бүлгэмдлийг бүлэглэж ангилахад дундаж холбоогоор нэгтгэх аргыг ашиглан кластер анализыг хийв. Амьтдын бүлгэмдэл дэх доминант зүйлийн харьцааг тогтооход дараахь харьцааг ашиглав. Yүнд: дээжнээс илэрсэн бүх зүйлийн тоо толгойн 10.0%-аас илүү хэмжээгээр тохиолдож буй зүйлүүдийг эудоминант, 5.1-10% харьцаагаар тохиолдож буй зүйлүүдийг доминант, 2.1-5.0% тохиолдоцтой бол субдоминант зүйлд, 1.1-2.0% тохиолдоцтой бол резидент буюу ердийн тохиолдоцтой зүйлд, 1.0%-аас бага тохиолдоцтой бол субрезидент буюу ховор тохиолдоцтой зүйл хэмээн ангилсан болно.

Үр дүн

Хустайн БЦГ-ын хөрсний микроартропод бүлгийн амьтдын ангилал зүйн бүрэлдэхүүн
Өнөөгийн байдлаар ХБЦГ-ын нутаг дэвсгэрээс 6 баг, 48 овгийн 91 төрөлд хамаарах 143 зүйлийн микроартропод амьтдыг илрүүлээд байгаа бөгөөд тэдгээрийн бүрэлдэхүүний харьцааг багийн төвшинд Зураг 1-д, зүйлийн бүрдлийн жагсаалтыг Хавсралт 1-д үзүүлэв.

Тус цогцолборт газраас илэрсэн хөрсний микроартропод бүлгийн амьтдын ангилал зүйн үндсэн бүлгүүдийн харьцааг авч үзвэл хуягт хачгууд (Oribatida) дийлэнх хэсгийг буюу 82%-ийг бүрдүүлж, сүүл хөлтөн (Collembola) ба чөлөөт амьдралт мезостигматид хачиг (Mesostigmata)-ууд (тус бүр 7%), хатуу далавчит шавьжууд буюу цохууд (Coleoptera), хуурамч хилэнцэт аалз (Pseudoscorpionida) болон ижил далавчит шавьжууд (Homoptera), тэдгээрийн авгалдай тус бүр 2%-оос бага хувийг бүрдүүлж байна. Ангилал зүйн бүрэлдэхүүний дээрх харьцаа нь тус орны ойт хээрийн бүсийн янз бүрийн биотопуудад тохиолддог хөрсний микроартропод бүлгийн амьтдын үндсэн бүлгүүдийн харьцаатай ойролцоо байна. Тус цогцолборт газрын хөрсний микроатроподын ангилал зүйн үндсэн бүлгүүд буюу багуудын бүрэлдэхүүний харьцаанаас гадна овгийн төвшинд авч үзвэл ихэнх овгууд маш цөөн тооны буюу зөвхөн 1 эсвэл 2 зүйлийг өөртөө агуулж байхад харьцангуй цөөн тооны овог, өөрөөр хэлбэл нийт 48 овгийн зөвхөн 11 нь 5-аас дээш тооны зүйлтэй байна (Зураг 2).
Энэ нь ХБЦГ-ын хөрсний микроартропод бүлгийн амьтдын бүрэлдэхүүн төдийлөн баялаг биш болохыг илэрхийлж буй үзүүлэлт бөгөөд өөрөөр хэлбэл, овгуудын ихэнх нь зүйлийн “хангалт” буюу баялгийн хувьд ядмаг, жигд бус болохыг харуулж байгаа болно. Цөөн овгийн зонхилох байдал бүхий ийм харьцаа хуурайсаг нөхцөлтэй, эрс тэс уур амьсгал бүхий Палеарктикийн зарим бүс нутгуудад ч мөн ажиглагддаг (Maraun et al., 2007). ХБЦГ-ын хөрсний микроартроподын хамгийн олон зүйл бүхий овогт хуягт хачгийн Ceratozetidae овог орох бөгөөд тэрээр 6 төрлийн 10 зүйлийг өөртөө агуулж байна. Түүнчлэн Oribatulidae овог 3 төрөлд хамаарах 9 зүйлийг, Scheloribatidae ба Phenopelopidae овгууд тус бүр 3 төрлийн 7 зүйлийг, Plateremaeidae овог 6 төрлийн 6 зүйлийг, Camisiidae овог 2 төрлийн 6 зүйлийг тус тус агуулж байгаа юм. Төрөл, зүйлийн харьцангуй өндөр баялаг бүхий эдгээр 6 овог (нийт овгийн 12%) тус цогцолборт газрын хөрсний микроартроподын зүйлийн баялагийн 31%-ийг бүрдүүлж байна. Тус цогцолборт газраас илэрсэн хөрсний микроартроподын ихэнх төрлүүд мөн харьцангуй цөөн зүйлийг агуулж байгаа бөгөөд нийт төрлийн 60% орчим нь буюу 55 төрөл зөвхөн 1 зүйлийг, 16 төрөл нь 2 зүйлийг тус тус агуулж, үлдсэн 21 төрөл нь 3 ба түүнээс дээш тооны зүйлтэй байна. Зүйлийн баялаг харьцангуй өндөртэй төрлүүдэд зөвхөн Bipassalozetes (5 зүйл), Epidamaeus (4 зүйл) зэрэг төрлүүд багтана.
ХБЦГ-аас бидний өмнөх жилүүдэд хийсэн судалгаагаар Punctoribates brevicuspidatus Bayartogtokh et Aoki, 1998, Haplozetes ulykpani Bayartogtokh et Aoki, 1998, Procorynetes tsendsureni Bayartogtokh, 1998, Metrioppia krivolutskyi Bayartogtokh, 1999, Epidamaeus culterisetosus Bayartogtokh, 2000, E. granulatus Bayartogtokh, 2000, E. khustaiensis Bayartogtokh, 2000, E. aokii Bayartogtokh, 2001, Epilohmannia shtanchaevae Bayartogtokh, 2000, Pleodamaeus rotundigranulatus Bayartogtokh, 2001, Eueremaeus laticostulatus Bayartogtokh, 2003 зэрэг зүйлүүд шинжлэх ухаанд шинээр илэрч байсан юм (Баяртогтох, 1999; Bayartogtokh, 1998; Bayartogtokh & Aoki, 1998; Bayartogtokh, 2000a, b, c, d; Bayartogtokh, 2001a, b; Bayartogtokh, 2003a). Эдгээрээс гадна Bipassalozetes bidactylus (Coggi, 1902), Liebstadia pannonica (Willmann, 1931), Propelops canadensis (Hammer, 1952), Tectocepheus velatus (Micheal, 1888), Trhypochthonius tectorum (Berlese, 1986), Nothrus borussicus Sellnick, 1929 зэрэг зүйлүүд ХБЦГ-ын нутаг дэвсгэрээс анх илэрч, тус орны амьтны аймагт шинээр бүртгэгдсэн юм (Bayartogtokh & Aoki, 1997, 1999; Bayartogtokh, 1999, 2003b). Энэхүү судалгаагаар Gymnodamaeus bicostatus (C.L. Koch, 1836), Moritzoppia unicarinata (Paoli, 1908), Oppiella acuminata (Strenzke, 1951), Latilamellobates incisellus (Kramer, 1897), Minguezetes hexagonus (Berlese, 1908), Diapterobates humeralis (Hermann, 1804) зэрэг зүйлүүд тус орны амьтны аймагт анх удаа илэрч тэмдэглэгдсэн болно.
Хустайн БЦГ-ын хөрсний микроартроподын янз бүрийн биотопд тархсан байдал, бүлгэмдлийн бүтэц
Судалгаа хийсэн хусан ой, уулын хээр, голын чийглэг нуга, уулын нуга, хээр, хаягдсан тариан талбай зэрэг үндсэн бүсүүдэд хөрсний амьтдын тархсан онцлогийг авч үзвэл хусан ойн биотоп хамгийн баялаг зүйлийг (81 зүйл) агуулж байгаа бөгөөд түүний дараа уулын хээрийн биотоп (48 зүйл) орж байна. Харин голын чийглэг нуга (36 зүйл), уулын нуга (31 зүйл), хээр (29 зүйл), тариан талбай (17) зэрэг биотопууд харьцангуй цөөн зүйлийг агуулж байв. Судалгаа хийсэн биотопуудаас илэрсэн хөрсний микроартроподын бүрэлдэхүүний төсөөт байдлыг авч үзвэл 2 үндсэн бүлэг болон ангилагдаж байгаа бөгөөд хусан ой ба уулын хээрийн биотоп хамгийн илүү төсөөт байдалтай байгаа бол уулын нуга ба голын нугын хоорондын төсөөт байдал дээрхээс арай бага үзүүлэлттэй байв (Зураг 3).
Уулын нугын болон голын нугын биотопоос харьцангуй олон түгээмэл зүйл илэрсэн нь эдгээрийн хооронд харьцангуй өндөр төсөөт байдлыг бий болгосон бол хусан ойд тэмдэглэгдсэн олон зүйл хад асга бүхий бутлаг ургамалтай уулын энгэрээс илэрсэн нь тэдгээрийг нэг бүлэг болгон бүлэглэх нөхцөл болсон юм. Харин уулын хээр ба хусан ойгоос илэрсэн хөрсний амьтдын бүрэлдэхүүн уулын болон голын нугын биотопоос илэрсэн бүлгэмдлээс харьцангуй ялгаатай байсан учир тэдгээрийн төсөөт байдал бага үзүүлэлттэй (0.14) байна. Эдгээр биотопуудаас илэрсэн микроартропод амьтдын зүйлийн баялгийн харьцаа төдийгүй тоо толгойн хэмжээ ч хоорондоо мэдэгдэхүйц ялгаатай байгаа бөгөөд энэ нь тухай амьдрах орчны хөрсний механик бүтэц, чийгшилт ба органик үлдэгдлийн агууламж зэрэг үзүүлэлттэй шууд холбоотой (Зураг 4).
Хөрсний амьтдын тоо толгойн үзүүлэлт тэдгээрийн зүйлийн баялагийн үзүүлэлттэй нэгэн адилаар ойн биотопоос хуурайсаг хээрийн биотоп руу шилжихийн хэрээр буурч байгаа бөгөөд хусан ойн хөрсөнд хамгийн өндөр үзүүлэлттэй буюу дунджаар 21410-24620 бодгаль/м2, харин хээрийн хөрсөнд харьцангуй бага үзүүлэлттэй буюу 2860-3580 бодгаль/м2 нягтшилттайгаар тохиолдож байв. Хусан ойн биотопын хэв шинжийг илтгэх индикатор зүйлд тохиолдоц, экологийн изовалент чанар, тоо толгойн зонхилох байдал зэрэг дээр нь үндэслэн Hypochthonius rufulus, Brachychthonius bimaculatus, Camisia biurus, Heminothrus peltifer, H. sibiricus, Belba crassisetosa, Epidamaeus aoki, E. Khustaiensis, Tectocepheus minor, Ceratozetoides aokii зэрэг зүйлүүд орж байгаа бол уулын хээрийн биотопын индикатор зүйлүүдэд Sphaerochthonius splendidus, Epilohmannia shtanchaevae, Pedrocortesella inaequalis, Pleodamaeus rotundigranulatus, Tectocepheus alatus зэрэг зүйлүүдийг багтааж болно. Голын нугын биотопын индикатор зүйлд Licnodamaeus fisuratus, Eueremaeus laticostulatus, Carabodes labyrinthicus, Tectocepheus minor, Moritzoppia neerlandica, Suctobelba subtrigona, Onychiurus kaszabi зэрэг зүйлүүд, уулын нугын биотопын индикатор зүйлд Arthrodamaeus mongolicus, Epidamaeus culterisetosus, Procorynetes cendsureni, Oribatula lineatus, Zygoribatula conexa, Peloptulus phaenotus, Lepidozetes singularis зэрэг зүйлүүд тухайн биотопын үндсэн хэв шинжийг илэрхийлэгч индикатор зүйл хэмээн үзэж болох юм. Судалгаа хийсэн биотопуудын хөрсний амьтдын зүйлийн –олон янз байдлыг тооцож үзэхэд уг индексийн үзүүлэлт ил задгай биотопоос ойн биотоп руу шилжихийн хэрээр нэмэгдсээр уулын хээр ба хусан ойн хооронд хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа бөгөөд, харин бүс уулын хээр ба уулын нугын хооронд хамгийн бага үзүүлэлттэй байна (Хүснэгт 2).
–олон янз байдлын эдгээр үзүүлэлт нь тус цогцолборт газрын байгалийн үндсэн биотопууд экологийн нөхцлийн хувьд нэг нэгнээсээ ихээхэн ялгаатай болохыг илэрхийлж байгаа бөгөөд ялангуяа ойн биотоп хөрсний чийгшил, органик үлдэгдлийн агууламж, механик бүтцийн сийрэг байдал зэрэг үзүүлэлтээрээ ил задгай биотопуудын хөрснөөс ихээхэн ялгаатай болохыг илэрхийлж байгаа юм. ХБЦГ-ын байгалийн үндсэн биотопуудаас илэрсэн хөрсний микроартроподын зоогеографийн бүтцийг авч үзвэл Голарктикийн ба Палеарктикийн сэрүүн бүсийн өргөн тархалттай зүйлүүд зонхилж, Монголын ба Европ-Сибирийн, Зүүн Азийн, тархалттай зүйлүүд мөн тодорхой харьцаагаар оролцож байна (Зураг 5). Эдгээр зоогеографийн элементүүдийн биотопын тархалтыг авч үзвэл өргөн тархалттай зүйлүүдээс гадна Европ-Сибирийн болон Монголын зүйлүүд голчлон ойн хөрсөнд тохиолдож буй бол Төв Ази, Зүүн Азийн ба Сибир-Монголын зүйлүүд ихэвчлэн уулын хээрийн ба уулын нуга, голын нуга зэрэг биотопуудад голчлон тохиолдож байв. Хээрийн биотопын хөрсний амьтдын зонхилох хэсгийг космополит, Голарктик, Транспалеарктикийн түгээмэл тархалттай элементүүд болон Монголын эндемик зүйлүүд бүрдүүлж, харин Европ-Сибирийн, Зүүн Азийн, Төв Азийн болон Сибир- Монголын элементүүд харьцангуй бага оролцоотой байна.
Дээр дурьдсан зоогеографийн элементүүд ХБЦГ-ын байгалийн үндсэн биотопуудад тархсан байдлыг нэгтгэн авч үзвэл дараахь ерөнхий зүй тогтол ажиглагдаж байна. Космополит, Полукосмополит ба ихэнх Голарктикийн зүйлүүд шинэсэн ойгоос хээр хүртэлх янз бүрийн биотопд тохиолдож байна. Палеарктикийн тархалттай зүйлүүд ой болон уулын хээр, уулын нуга, хээрийн биотопуудад зонхилон тохиолдож байна. Европ-Сибирийн зүйлүүд уулын нуга, голын нуга зэрэг хээрийн мезофиль ландшафтуудаас илэрч буй бол Сибир- Монголын элементүүд ойн болон уулын нугын биотопд тархаж, тэдгээрийн зарим нь хээрийн биотоп руу нэвтрэн тархсан байна. Монголын эндемик зүйлүүд чийглэг болон хуурайсаг биотопуудын аль алинд нь түгээмэл тархалттай боловч тэдгээрийн олонхи нь уулын хээр, хээр зэрэг хуурайсаг биотопд тархсан байна.
Тус цогцолборт газрын хөрсний бичил үе хөлт амьтдын бүлгэмдлийн бүтцийг судалгаа хийсэн биотоп тус бүрийн үндсэн шинжийг илэрхийлсэн “плакор” амьдрах орчинд тохиолдох микроартроподын бүрдэл, тохиолдоц, тоо толгойн хэмжээн дээр үндэслэн янз бүрийн индексээр тооцож гаргасан бөгөөд үр дүнг Хүснэгт 3-д харуулав. Хүснэгтээс харвал зүйлийн баялагийн үзүүлэлтүүд хусан ой ба уулын хээрийн биотопуудад харьцангуй өндөр байгаа боловч түүний үнэлгээ бусад бүсийнхтэй үндсэндээ төстэй байна. Зүйлийн олон янз байдлын үзүүлэлт ойгоос бусад биотоп руу, ялангуяа нугын биотоп руу шилжихийн хэрээр мэдэгдэхүйц буурсан байгаа бөгөөд энэ нь хөрсний амьтдын бүлгэмдэл дэх тархалтын жигд байдал буурч байгаатай, өөрөөр хэлбэл тэнд цөөн тооны доминант зүйл зонхилж байгаатай холбоотой хэмээн үзэж байна. Түүнчлэн хөрсний амьтдын тоо толгойн дундаж хэмжээ буюу нягтшилт чийглэг орчноос хуурайсаг орчин руу шилжихийн хэрээр, мөн нягт хөрс бүхий биотопуудад эрс буурсан байна. Байгалийн янз бүрийн биотопуудад тохиолдох хөрсний амьтдын амьдралын хэлбэрийн хaрьцааг авч үзвэл ойн хөрсөнд хөвхлөг давхаргын зүйлүүд зонхилж байгаа бол хуурайсаг биотопуудын хөрсөнд гүнийн давхаргын болон төрөлжөөгүй тархалттай зүйлүүд зонхилж байна (Зураг 6). Чийглэг биотопоос хуурайсаг биотоп руу шилжихэд хөрсний амьтдын морфо- экологийн бүлгүүд буюу амьдралын хэлбэрийн жигд байдал буурч хөрсний аль нэгэн давхаргын тархалттай зүйлүүд биш, харин төрөлжөөгүй зүйлүүд зонхилж, өнгөн давхаргын зүйлүүдийн эзлэх хувь хэмжээ буурч байна.
Түүнчлэн хөрсний амьтдын зүйлийн олон янз байдал, тоо толгойн нягтшилт зэрэг үзүүлэлтүүд хөрсний чийгийн агууламж, механик бүтэц болон хөрсний биобүтээмж буюу ялзмаг агууламжийн хэмжээ зэргээс ихээхэн хамааралтай байдаг. Бид янз бүрийн бүсэд тохиолдох хөрсний амьтдын зүйлийн баялаг ба тоо толгойн хэмжээ зэрэг үзүүлэлт болон тухайн бүсэд унах хур тундасны жилийн дундаж хэмжээ, хөрсний чийгийн агууламж, механик бүтэц зэрэг үзүүлэлтээс ямар хамааралтай болохыг илрүүлэх зорилгоор корреляцийн анализ хийсэн юм (Зураг 7, 8). Хөрсний амьтдын зүйлийн баялаг, тоо толгойн хэмжээ зэрэг үзүүлэлтүүд хөрсний чийгийн агууламжаас шууд хамааралтай (r = 0.68-0.71), механик бүтэц буюу нягтшилттай урвуу хамааралтай болох нь илэрсэн бөгөөд хамаарлын утга харьцангуй өндөр (r = 0.78-0.84) байна.
Хөрсний микроартропод бүлгийн амьтдын зүйлийн баялаг болон тоо толгойн элбэгшилд үзүүлэх орчны хүчин зүйлсээс хөрсний чийгийн агууламж болон механик бүтэц хамгийн их нөлөөтэй бөгөөд хөрсөнд хуримтлагдсан органик үлдэгдлийн хэмжээ, идэш тэжээлийн нөөц, температур зэрэг хүчин зүйл дээрхээс харьцангуй бага нөлөөтэй байдаг (Davies, 1928; Ibarra et al., 1965; Mitchell, 1979; Cancela Da Fonseca, 1990; Poinsot-Balaguer, 1996; Loranger et al., 1999).
Учир нь хөрсний нягтшил хэт их байх нь түүнд агуулагдах чийг болон агаарын хэмжээг бууруулахын зэрэгцээ олон зүйлийн амьтдын хувьд идэвхитэй хооллох, үржих, нүүдэл шилжилт хийх г.м.-д төдийлөн тохиромжтой бус байдаг. Хөрсний чийгийн агууламж их байх нь тухайн биотопд олон зүйлийн микроартропод тархах гол нөхцөл болох ба учир нь микроартропод бүлгийн амьтдын олонхид ус чийгийн алдагдлыг бууруулах механизм сул хөгжсөн байдаг учир тэдгээрээс харьцангуй цөөн зүйл юмуу бүлэг нь хуурайсаг орчинд дасан зохицсон байдаг. Түүнчлэн хөрсний чийгийн агууламж хичнээн их байсан ч түүний нягтшилт өндөр бол энэ нь хөрсний амьтдын тоо толгой болон зүйлийн олон янз байдлыг хязгаарлах бас нэгэн хүчин зүйл болно.
ХБЦГ-ын байгалийн үндсэн биотопуудын хөрсний амьтдын бүлгэмдлийн бүтцийг харьцуулж үзвэл ойн болон уулын хээрийн ландшафтад харьцангуй олон тооны чийгсэг зүйлээс бүрдсэн бүлгэмдэл тохиолдож буй бөгөөд энд мөн хуурай хээрийн бүсийн зүйлүүд ч нэмэлт байдлаар тохиолдож байгаа нь бүрэлдэхүүний олон янз байдал болон бүлгэмдлийн бүтцийн үзүүлэлтүүд өндөр байх гол нөхцөл болж байгаа юм. Нөгөө талаар ой болон хад асга бүхий уулын хээр нь тохиолдоцын хувьд харилцан ойролцоо тооны зүйлүүдээс зохилж бүрдсэн учир энэ нь зүйлүүдийн тархалтын жигд байдлын үзүүлэлт өндөр байх нэг нөхцөл болж байна. Харин хусан ойн элементүүд хээрийн болон бусад ил задгай биотопуудын хөрсний амьтдын бүрэлдэхүүнд маш бага хэмжээгээр оролцсон байна. Иймд ойн болон хээрийн бүсийн хөрсний амьтад ангилал зүйн бүрэлдэхүүн болон бүлгэмдлийн бүтцийн үзүүлэлтүүдээрээ (зүйлийн олон янз байдал, нягтшилт, тохиолдоц, зүйлүүдийн тархалтын жигд байдал, доминант зүйлүүдийн иж бүрдэл г.м.) нэг нэгнээсээ тод ялгагдаж байна. Харин хээрийн болон уулын нугын биотопууд зүйлийн баялаг, тоо толгойн хэмжээ төдийгүй бүлгэмдлийн бүтцийн бусад үзүүлэлтээрээ бусад амьдрах орчиноос харьцангуй ядмаг шинжтэй байна.
Хустайн БЦГ-ын хөрсний микроартропод бүлгийн амьтдын улирлын динамик
Хөрсний амьтдын бүрэлдэхүүний олон янз байдал болон тоо толгойн хэмжээ нь хөрсний температур, чийгшилт зэрэг амьдрах орчны хүчин зүйлсийн улирлын өөчлөлтөөс хамаарч харилцан адилгүй байдлаар хувьсаж өөрчлөгдөж байдаг. Бид судалгаа хийсэн биотопуудаас илэрсэн хөрсний микроартропод амьтдын улирлын хэлбэлзлэлийг судалгаа хийсэн 04-09 сар хүртэлх хугацаанд, сар бүрээр, зүйлийн баялаг, олон янз байдал, тоо толгойн нягтшилт зэрэг үзүүлэлт хэрхэн өөрчлөгдөж буйг авч үзсэн болно. Хөрсний амьтдын зүйлийн баялаг ба олон янз байдлын улирлын өөрчлөлтийг авч үзвэл хусан ойд эдгээр үзүүлэлтийн аль аль нь хаврын дунд үе буюу 04 сараас 05 сарын хугацаанд бага зэрэг нэмэгдсэн ба харин 06 сараас эрс нэмэгдэж, зуны дунд үе буюу 07 сард оргил үзүүлэлттэй болох ажиглагдсан юм (Зураг 9). Улмаар 08 сард зүйлийн баялаг ба олон янз байдал бага зэрэг буурч, 09 дээрх үзүүлэлтүүд огцом буурч буй нь ажиглагдав. Уулын хээр, уулын нуга, голын нуга зэрэг биотопуудын хувьд хөрсний микроартроподын зүйлийн баялгийн үзүүлэлт дээрхтэй төстэй байдлаар өөрчлөгддөг болох нь тогтоогдсон боловч зөвхөн уулын хээрт зүйлийн баялгийн үзүүлэлт 05 сард бага зэрэг буурч, 06 ба 07 саруудад ижил үзүүлэлттэй байсан ба хамгийн өндөр үзүүлэлт 08 сард тэмдэглэгдэв. Гэтэл уулын хээрийн хөрсний амьтдын зүйлийн олон янз байдал 08 сард 07 сарынхтай харьцуулбал бага зэрэг буурсан байна. Энэ нь хөрсний амьтдын бүлгэмдэлд харьцангуй цөөн тооны зүйл зонхилогч байдлаар тохиолдож байсантай холбоотой.
Хөрсний амьтдын тоо толгойн хэмжээ буюу нягтшилтын улирлын динамикийг авч үзвэл судалгаа хийсэн бүх биотопуудад хаврын төгсгөл үе буюу 05 сараас эрс нэмэгдэж зуны эхэн ба дунд үед хамгийн өндөр нягтшилттай болон нэмэгдсэн бол зуны төгсгөл буюу 08 сараас аажим буурч 09 сарын дунд үед хамгийн бага үзүүлэлттэй болон өөрчлөгдсөн юм (Зураг 10). Харин хусан ойн хувьд хөрсний амьтдын тоо толгойн хэмжээ 06 сард огцом нэмэгдсэн ба 07 сард бага зэрэг өсөж 08 сараас огцом буурсан үзүүлэлттэй байна. Уулын нуга болон голын нугын хувьд хөрсний микроартроподын нягтшил хаврын төгсгөл буюу 05 сараас зуны төгсгөл хүртэлх (08 сар) хугацаанд бараг өөрчлөгдөөгүй бөгөөд энэ нь эдгээр биотопуудын хөрсний чийгшилт ба температурын бага хэлбэлзлэлтэй холбоотой хэмээн үзэж байна.
Судалгаа хийсэн бүх биотопууд дахь хөрсний амьтдын дундаж нягтшилын үзүүлэлт вегетацийн төгсгөл үе буюу 09 сард эхэн үе буюу 04 сарынхаас харьцангуй өндөр хэмжээтэй болох нь тогтоогдов. Хөрсний микроартроподын улирлын динамикийг судлах хугацаанд хусан ойд Brachychthonius bimaculatus, Epidamaeus aokii, Epidamaeus khustaiensis, Haplozetes vindobonensis, Oribatula tibialis, Lepidozetes conjunctus, Scheloribates latipes, Trichoribates novus, Eupelops torulosus, Zercon austriacus, Isotomides productus зэрэг 11 зүйл доминант байдлаар тохиолдож байсан бөгөөд тэдгээрийн янз бүрийн улирал, саруудад зонхилох хувь хэмжээ ба тохиолдоц нь харилцан адилгүй болох нь илэрсэн юм.
Уулын хээрийн биотопд Epilohmannia shtanchaevae, Pedrocortesella inaequalis, Tectocepheus alatus, Bipassalozetes mongolicus, Oribatula interrupta, Liebstadia similis, Ceratozetella heterocuspis, Pachylaelaps sp., Xenylla mongolica зэрэг 9 зүйл судалгаа хийсэн хугацаанд янз бүрийн тохиолдоцтойгоор зонхилж байв. Харин уулын нуга ба голын нугын биотопд Gymnodamaeus bicostatus, Metrioppia krivolutskyi, Bipassalozetes microsculptratus зэрэг зүйлүүд түгээмэл байдлаар зонхилж байсан ба бусад зүйлүүдийн хувьд (голын нугад: Camisia segnis, Nortonella mongolica, Epidamaeus granulatus, Moritzoppia neerlandica, Haemogamasus quadrisetosus, Isotoma violacea; уулын нугад: Birsteinius mongolicus, Proteremaeus mongolicus, Oppiella nova, Peloribates robustus, Folsomia nana) зөвхөн аль нэг биотопд нь доминант байдлаар тохиолдож байв.
 

Дүгнэлт

Энэхүү судалгаагаар Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын болон хязгаарлалтын бүсэд орших хусан ой, уулын хээр, голын нуга, уулын нуга зэрэг үндсэн биотопуудыг сонгон, тэнд тохиолдох хөрсний амьтдын ангилал зүйн бүрэлдэхүүн, бүлгэмдлийн бүтэц, амьдралын хэлбэр, тоо толгойн хэмжээ, ареалын бүтэц зэрэг үзүүлэлтүүдийг авч үзэв. Судалгаа хийсэн газар нутгаас нийт 143 зүйлийг илрүүлсэн бөгөөд тэдгээрээс Gymnodamaeus bicostatus (C.L. Koch, 1836), Moritzoppia unicarinata (Paoli, 1908), Oppiella acuminata (Strenzke, 1951), Latilamellobates incisellus (Kramer, 1897), Minguezetes hexagonus (Berlese, 1908), Diapterobates humeralis (Hermann, 1804) зэрэг зүйлүүд Монгол орны амьтны аймагт анх удаа бүртгэгдэв. Судалгаа хийсэн газраас илэрсэн хөрсний микроартропод бүлгийн амьтдын дотор хуягт хачгууд (Acari: Oribatida) зүйлийн баялаг ба олон янз байдлын үзүүлэлтээр зонхилж, мөн тоо толгойн нягтшилтын хувьд давамгайлж байгааг тогтоов. Үүнээс гадна сүүл хөлтөн (Insecta, Collembola), мезостигматид хачиг (Acari: Mesostigmata), простигматид хачиг (Acari: Prostigmata) зэрэг бүлгийн амьтад болон шавьжийн авгалдай харьцангуй цөөн зүйлтэй, бага нягтшилттайгаар тохиолдож буй нь илрэв. Хөрсний амьтдын бүлгэмдлийн бүтцийн гол үзүүлэлтүүд болох зүйлийн олон янз байдал нь уулын хээрийн болон бусад ил задгай биотопуудад харьцангуй бага үзүүлэлттэй буюу (H’ = 2.2-2.9) байв. Гэтэл хусан ойн биотопд тохиолдох хөрсний амьтдын зүйлийн олон янз байдлын үзүүлэлт харьцангуй өндөр (H’ = 3.1-3.4) байв. Нөгөө талаар хусан ойн биотопууд харьцангуй цөөн тооны доминант зүйлтэй байсан бөгөөд хөрсний микроартроподын ихэнх зүйлүүд нь харилцан ойролцоо тоо хэмжээ бүхий нягтшилттайгаар тохиолдож байв. Энэ нь ойн биотопуудад хөрсний амьтдын зүйлийн олон янз байдал болон тархалтын жигд байдлын индексүүд өндөр үзүүлэлттэй гарах нөхцөл болж байна. Хөрсний амьтдын бүлгэмдэл дэх тархалтын жигд байдлын үзүүлэлт уулын хээр, уулын нуга, голын нуга зэрэг биотопууд болон ба мөхөж буй хусан ойд харьцангуй бага байсан (J = 0.45-0.65) бол хэвийн тогтоц бүхий хусан ойд харьцангуй өндөр (J = 0.70-0.73) үзүүлэлттэй байв. Энэ нь амьдрах орчны нөхцлийн хувьд тухайн биотоп нийт зүйлүүдэд тохиромжтой эсэхийг илэрхийлдэг гол үзүүлэлт болно. Хөрсний үе хөлт амьтдын бүлгэмдлийн бүтцийн эдгээр үзүүлэлтийг хөрсний чийгшил, нягтшил буюу механик бүтэц, хур тундасны хэмжээ, мал бэлчээрлэлтийн эрчим зэрэг үзүүлэлтүүдтэй холбон харьцуулсан анализыг хийв. Судалгааны дүнд мал бэлчээрлэлтийн нөлөө харьцангуй ихтэй, нягт бүтэц бүхий хөрстэй, хуурайсаг талбайд тохиолдох хөрсний амьтдын зүйлийн баялаг болон тоо толгойн нягтшилын хэмжээ ихээхэн буурсан үзүүлэлттэй болохыг тогтоов.

Иш татсан бүтээл

  1. Баяртогтох, Б. 1999. Два вида панцирных клещей семействa Peloppiidae (Acari, Oribatei) из Монголии. Зоологический журнал, 78(10): 1248-1253.
  2. Криволуцкий, Д. А., Друк, А.Я., Эйтминавичюте, И.С., Ласкова, Д.М., Карппинен, Е. 1990. Ископаемые панцирные клещи. Вильнюс, изд. Мокслас, 109 с.
  3. Стриганова, Б. Р. 1980. Питание почвенных сапрофагов. М.: Наука, 243 с.
  4. Arillo, A. & Subias, L. S. 2002. Second fossil oribatid mite from the Spanish Lower Crestaceous Amber. Eupterotegaeus bitranslamellatus n. sp. (Acariformes, Oribatida, Cepheidae). Acarologia, 17(4): 403-406.
  5. Bayartogtokh, B. 1998. A new species of oribatid mite (Acariformes: Oribatida) from Mongolia. Acarina, 6(1-2): 31-33.
  6. Bayartogtokh, B. 1999. Three species of oribatid mites of the genus Tectocepheus (Acari: Oribatida: Tectocepheidae) from Mongolia. Edaphologia, Vol. 63: 55-73.
  7. Bayartogtokh, B. 2000a. Three species of Haplozetes (Acari: Oribatida: Haplozetidae) from Mongolia. International Journal of Acarology, 26(1): 11-24.
  8. Bayartogtokh, B. 2000b. New oribatid mites of the genus Epidamaeus (Acari: Oribatida: Damaeidae) from Mongolia. Species Diversity, 5(3): 183-200.
  9. Bayartogtokh, B. 2000c. Two species of damaeid mites (Acari: Oribatida: Damaeidae) from Mongolia, with notes on distribution of the genera Epidamaeus and Dyobelba. Biogeography, 2: 67-79.
  10. Bayartogtokh, B. 2000d. Oribatid mites of the genus Epilohmannia (Acari: Oribatida: Epilohmanniidae) from Japan and Mongolia. Systematic and Applied Acarology, 5: 187-206.
  11. Bayartogtokh, B. 2001a. A new and a little known species of gymnodamaeid mites (Acari: Oribatida: Gymnodamaeidae) from Mongolia. Edaphologia, 67: 37-47.
  12. Bayartogtokh, B. 2001b. Three new soil mites of the genus Epidamaeus (Acari: Oribatida: Damaeidae) from Mongolia. Zoosystema, 23(1): 29-49.
  13. Bayartogtokh, B. 2003a. The soil mite family Eremaeidae (Acari: Oribatida) in Mongolia, with remarks on distribution and diversity of known genera. Journal of Natural History, 37(13): 1571-1610.
  14. Bayartogtokh, B. 2003b. Four species of oribatid mites (Acari: Oribatida) from Central and Southern Mongolia, with notes on the genera Montizetes and Zachvatkinibates. Mongolian Journal of Biological Sciences, 1(1): 3-19.
  15. Bayartogtokh, B. & Aoki, J. 1997. Oribatid mites of the genus Bipassalozetes Mihelcic, 1957 (Acari: Oribatei: Passalozetidae) from Mongolia. Acta Arachnologica, 46(2): 87-99.
  16. Bayartogtokh, B. & Aoki, J. 1998. New and little known species of oribatid mites (Acari: Oribatida) from Mongolia. Bulletin of the Institute of Environmental Science and Technology, Yokohama National University, 24(1): 121-135.
  17. Bayartogtokh, B. & Aoki, J. 1999. Oribatid mites of the family Phenopelopidae (Acari: Oribatida) from Mongolia. Journal of the Acarological Society of Japan, 8(2): 117-134.
  18. Behan, V. M. & Hill, S.B. 1978. Feeding habits and spore dispersal of Oribatid mites in the North American Arctic. Rev. Ecol. Biol. Sol, 15(4): 497-516.
  19. Gуrny, M. & Grьm, L.1993. Methods in Soil Zoology. Elsevier, 459 pp.
  20. Kaneko, N. 1988. Feeding habits and cheliceral size of oribatid mites in cool temperate forest soils in Japan. Rev. Ecol. Biol. Sol, 25(3): 353-363.
  21. Krebs, C. J. 1989. Ecological Methodology. Harper Collins Publishers, 654 pp.
  22. Magurran, A. E. 1988. Ecological Diversity and its Measurement. Groom Helm, 178 pp.
  23. Maraun, M., Schatz, H. & Scheu, S. 2007. Awesome or ordinary? Global diversity patterns of oribatid mites. Ecography, 30: 209-216.
  24. Mitchell, M. J. & Parkinson, D. 1976. Fungal feeding of oribatid mites (Acari: Cryptostigmata) in an aspen woodland soil. Ecology, 57(2): 302-312.
  25. Norton, R. A., Bonamo, P. M., Grierson, J. D. & Shear, W. A. 1988. Oribatid mite fossils from a terrestrial Devonian deposit near Gilboa, New York. J. Paleont., 62(2): 259-269.
  26. Norton, R.A. & Poinar, G.O. 1993. Reassessment and new records of oribatid mite fossils from Tertiary Neotropical Amber. Acarologia, 34(1): 57-67.
  27. Schatz, I., Schatz, H., Glaser, F. & Heiss, A. 2002. Subfossile Arthropodenfunde in einer bronzezeitlichen Grabungsstutte bei Radfeld (Tirol, Цsterreich) (Acari: Oribatida; Insecta: Coleoptera, Hymenoptera: Formicidae). Ber. Nat. Med. Verein Innsbruck, 89: 249-264.
  28. Schinner, F., Ohlinger, R., Kandeler, E., Margesen, R. 1995. Methods in Soil Biology. Springer 425 pp.
  29. Southwood, T. R. E. 1996. Ecological Methods. Chapman & Hall, 524 pp.
  30. Straalen, N.M. 1997. Community structure of soil arthropods as a bioindicator of soil health. In (Pankhurst, C., Doube, B. M. & Gupta, V. V. eds.): Biological Indicators of Soil Health. CAB International, Wallingford, p. 235-264.
  31. Straalen, N. M. 1998. Straalen, N.M. 1998. Evaluation of bioindicator systems derived from soil arthropod communities. Applied Soil Ecology, 9: 429-437.
  32. Subias, L. S. & Arillo, A. 2002. Oribatid mite fossils from the upper Devonian of south mountain, New York and the lower Carboniferous of county Antrim, Northern Ireland (Acariformes, Oribatida). Est. Mus. Cienc. Nat. de Бlava, 17: 93-106.
  33. Weigmann, G. 2007. Bioindication by means of isovalent species groups. Abhandlungen und Berichte des Naturkundemuseums Gцrlitz, 69(2): 59-65.