Electronic Scientific Paper Archive

Хустай нуруу орчмын гадаргын болон газрын доорх усны харилцан уялдаа

Х. Пүрэвдагва, Д. Батхүү, Г. Даваа
Ус Цаг Уурын Хүрээлэн

Introduction

Дэлхий дээрх нийт ус нь цэвэр буюу ундны давслаг буюу далайн ус гэсэн үндсэн 2 төлөвт оршиж байдаг. Энэхүү нийт усны 97 хувь нь дэлхийн далай тэнгист 3 хувь нь ундны буюу цэвэр ус байгаа бол цэвэр усны 68.7 хувь нь мөстөл мөсөн голд 30.1 хувь нь газрын доорх усанд бол дөнгөж 0.3 хувь нь гадаргын ус хэлбэрээр оршиж байдаг. Гадаргын усны 87 хувь нь нуур цөөрөмд 11 хувь нь намгархаг газарт агуулагдаж байгаа бол 2 хувь нь гол мөрөнд оногдож байна. Газрын доорх ус нь гадаргын усны горим, нөөцийг зохицуулж байдаг хүний нүдэнд харагдалгүйгээр оршиж байдаг ус юм. Газрын доор ус дэлхийн хэмжээнд гадаргын уснаас их боловч ашиглах зардал өндөр мөн нөхөн сэргээгдэх, сэлбэгдэх хугацаа маш удаан юм. Иймээс газрын доорх усыг аль болох бага ашиглах мөн нөхөн сэргээх буюу гадаргаас зохиомлоор тэжээх ажил нэн чухал юм. Усны нөхөн сэлбэгдэх нөөцийн хэмжээ нь усыг ашиглах, усны нөөц горимыг зохицуулахад шийдвэрлэх нөлөө үзүүлэх сав газрын байгалийн иж бүрдлийг хамгаалах, эдийн засгийн зохистой тогтолцоог бүрдүүлэхэд чухал үүрэгтэй юм. Иймээс Хустай нуруу дахь голын сав газрын экосистем, Тахийн тогтвортой нутагшилтыг хангахад усны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах асуудал чухал юм.
Аливаа голын системд үзүүлж буй байгалийн үзэгдэл болон хүний үйл ажиллагааны нөлөөллийг шууд ба шууд бус гэж хоёр ангилж болно. Иймээс голын сав газрын экосистемийн төлөв байдлыг илэрхийлэгч интеграл үзүүлэлтүүдийг сонгон байнгын ажиглалт хийж, эдгээр үзүүлэлтүүдийн орон зай, цаг хугацааны өөрчлөлтөд дүн шинжилгээ хийх замаар усны тэнцэл, горим, тэдгээрийг зохицуулж буй сав газрын байгалийн өөрчлөлтийн ерөнхий хандлагыг тогтоох ёстой. Хуурайшилт ихтэй манай орны нөхцөлд байгалийн тэнцвэрт байдлыг сэргээх, удаан хугацаагаар хадгалах гол хүчин зүйл нь тухайн бүс нутагт хиймэл цөөрөм байгуулах, ойжуулах, булаг шандын эхийг хамгаалах юм. Мөн хөрс, цаг уурын нөхцөлд тохирсон модлог бутлаг ургамал шинээр тариалах, хуучныг сэргээх, түр урсгалтай сайр жалгын цас, борооны үерийн усыг усан сан цөөрмүүдэд хуримтлуулах, хөрсөн доор нөөцөлж хадгалах зэрэг үйл ажиллагаа явуулах нь хөрсний үржил шим, бүтцийг сайжруулах, хөрсний элэгдлийг багасгах, эрс тэс уур амьсгалыг зөөлрүүлэх нөлөө үзүүлж, өвөрмөц бичил уур амьсгалыг бий болгодог.
Хустай нуруу, Хөшөөтийн горхи, Баянголын сав газрын усзүй, уур амьсгалын нөхцөл
Хустай нуруу Монгол орны экологи-газарзүйн мужлалаар Хангайн уулт их мужийн Орхон-Туулын савын бэсрэг уулсын мужид, байгалийн бүс, бүслүүрийн мужлалаар Туул-Тамирын голын дэд мужид багтана. Байгалийн бүс, бүслүүрийн ангиллаар өргөргийн дагуух хээрийн бүсийн нугат хээрийн дэд бүсэд хамрагдана /Даш, 2002/. Судлагдаж байгаа газар нутаг нь хээрийн бүсэд хамрагдах бөгөөд хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 1842.9 м өргөгдсөн Хөшөөт уул, хамгийн нам цэг нь 1135 м өндөрт орших Туул голын баруун гар талын татам юм. Хустай нуруу, түүний орчимд газар доорх ус хувирсан элсжин, зануужин, хөрзөн зэрэг хүчиллэг ба дундаж хүчиллэг түрмэл чулуулагт хязгаарлагдмал хийгээд алаг цоог байдлаар тархана /Н.Жадамбаа, 1996/. Хустай нурууны Хөшөөт уулын өвөрт Баян булаг, түүнээс баруун тийш орших Жаргалантын хөндийд 3600 л/цаг ундаргатай 2 булаг, Хустай нурууны баруун талд зүүн урдаас баруун хойш чиглэх хөндийд 3500 л/цаг ундаргатай Алтанбулаг зэрэг булгууд байх ба Хустай нурууны ард Хөшөөтийн ус, түүний зүүн талд 1000 орчим л/цаг ундаргатай Тариатын эхний худаг тус тус байна. Эдгээр булаг ба худгууд сав газрынхаа бичил хөндийн ёроолд байрлаж байгаа хийгээд түр зуурын урсацтай жижиг гол ба сайрын эх болж байгаа нь уг горхи, булгууд Хустай нурууны өндөрлөг хэсгийн хур тунадасны тэжээлтэй, ус хурах талбай багатай учраас нөөц нь ч бага байх нөхцөлтэйг харуулж байна. Иймээс усны нөөц, горим нь уур амьсгалын нөхцөлөөс үлэмж хамааралтай байна. Хустай нурууны гол, сайрын сүлжээг 1 дүгээр зурагт үзүүлэв.

Гол мөрний услаг 6, 7, 8 дугаар сарын хур тунадасны хэмжээгээр үндсэндээ тодорхойлогдоно. Энэхүү судалгааны явцад 2002-2004 онд 7 дугаар сарын хур тунадас дунджаас бага байсан бол 2005, 2006, 2007, 2009 онд дунджийн орчим ба их, 5 дугаар сарын хур тунадас 2005, 2008 онд дунджаас бага бол бусад онуудад дунджаас их байсан нь уур амьсгалын хувьд төсөөтэй байдал ажиглагджээ.
Усны горимын ажиглалт
Баян, Тариат гол, Хөшөөт горхи тэдгээрийн цутгал сайрт ус зүйн байнгын судалгааг урьд өмнө нь хийж байгаагүй юм. 2002 оны зургадугаар сарын 8, долдугаар сарын 25-нд Баян, Тариат голуудад анхны хээрийн хэмжилт, судалгааг явуулж, ус судлалын Баян гол-Хустай харуул, урсацын талбайг байгуулж, хур тунадас, хөрсний чийг хэмжилтийн автомат багажийг суурилуулснаар усны тэнцлийн байнгын судалгааны ажил эхэлсэн ба 2002-2009 үргэлжлэн, өргөжиж байна. 2002-2009 онд Баян гол ба Хустай нуруу орчмын газрын доорх усны горим, чанар найрлага, усны амьтан, ургамал, хөрсний чийг, ургамлын ургац, цасан бүрхүүлийн тархац, нягтыг тодорхойлох чиглэлээр хээрийн хэмжилт судалгааг хийж, 2003 онд Баян голын сав газарт хөрсний ус физикийн шинж чанарыг тодорхойлон газрын доорх усны ажиглалтын цэг сүлжээ өрөгжсөн бол 2004-2009 онд Хөшөөти н горхинд ус судлалын харуул байгуулан усны тэнцлийн ажиглалт, судалгааг нэмж хийсэн болно.
Ажиглалтын цэг сүлжээний зохион байгуулалт ба багаж төхөөрөмж
  1. Баян голд ус судлалын харуулыг ус халиураар төхөөрөмжлөн байгуулж, усны горимын ажиглалтыг хийж байна /фото зураг 1/. Усны түвшинг ус судлалын Баян гол-Хустай харуулын үндсэн чиглэл дээр өдөр тутам өглөө 08, орой 20 цагт тогтмол хэмжиж, хоногийн дундаж утгыг урсацын тооцоонд ашигласан болно.
  2. Хур тунадсыг АНУ-ын Дэвис-II загварын автомат багажийг урсацын талбай, Баян голын эх, Бага-овоо, Хөшөөтийн аманд тус тус байрлуулж, хэмжилтийг хийв. Тунадас хэмжигч нь 0.2 мм нарийвчлалтай бөгөөд тунадасны 0.2 мм хэмжээ тутамд юүлэлт хийж, хугацааг бүртгэх замаар хур борооны эрчимшлийн тоололтыг HOBO төрлийн мэдээ хураагуурт хадгалах үндсэн зарчимтай болно /фото зураг 4/. Урсацын талбайд байрлуулсан тунадас хэмжүүр гэмтлийн улмаас 2002 онд ажиллаагүй болно. 2003 онд хур тунадас хэмжүүрийг Баян голын эхэнд, 2004 оноос Хөшөөтийн аманд нэмж байрлуулсан болно.
  3. Газар доорх усны түвшинг урсацын талбай ба Баян гол - Хустай харуулын дэргэд байгуулсан гар худагт хэмжиж байна /фото зураг 5/. Энэ ажиглалтын гол зорилго бол гадаргын болон гүний ус хоорондын гидравлик уялдаа, усны горим, тэжээлийн хэмжээ, хөдлөлзүйг тогтооход оршино. Баян голын баруун татамд ус судлалын Баян гол-Хустай харуулын үндсэн чиглэлээс доош 15 м орчимд эл гар худгийг байгуулав /10 дугаар зураг/. Усны түвшинг гүний худагт өдөр тутам өглөө 08, орой 20 цагт байнга хэмжиж байна. Баян гол ба эл худагт усны горимын байнгын ажиглалтыг 2002 оны 8 дугаар сарын 1-нээс эхлэн хийж байна. Мөн Хустай нуруу орчмын 5 худагт сар бүр усны түвшний хэмжилтийг хийж байна.
  4. Хөшөөтийн горхинд усны түвшин, температурыг автоматаар хэмжих багажийг 2004 оны 4 дүгээр сард суурилуулж мөн ус халиураар төхөөрөмжлөн Хөшөөтийн горхи харуулыг байгуулан, хур тунадас хэмжих автомат багажийг суурилуулан урсац, хөрсний чийгийг ажиглалтыг хийж ирэв. Газар доорх усны түвшний ажиглалтыг Хөшөөтийн дээд ба доод худаг, урсацын талбай, Балдирын худаг зэрэгт 1 сарын хугацааны зайцаар хийж байна.

Material and Methods

Энэхүү судалгааг ус судлалын Баян гол–Хустай, Хөшөөтийн горхи-Хөшөөт харуул, Урсацын талбай дахь өдөр тутмын усны түвшин, өнгөрөлт, температур, хөрсний чийг, температур, Баян гол, Хөшөөт голын сав газар дахь хур тунадас болон бусад горимын ажиглалт, газар доорх усны түвшин, зарим гол горхины урсац зэрэг хэмжилтэд тулгуурлан хийв. Газар доорх усны нөөц голыг тэжээж дуусах нийт хугацаа нь түүний тэжээлийн бүсийн уртыг гүний урсгалын дундаж хурдад харьцуулсан харьцаа байна. Иймээс Баян голын тэжээлийн бүсийн уртыг судалгаагаар олж, түүний урсгалын хурдыг цаашид ойролцоогоор үнэлж болох юм. Газар доорх уст үеийн физик шинж чанар буюу түүний нүх сүвшил бэлчээр ашиглалтаас төдийлөн өөрчлөгдөхгүй. Харин хөрсөнд усны нэвчиц, ус өгөмж буурснаас ул хөрс, газар доорх усны түвшний шатлуур, улмаар шүүрэлтийн хурд багасаж, усны нөөц хомсдох нэгэн нөхцөл бүрдэж болно. Иймээс судалгааг үргэлжлүүлэн хийх явцад ус хуралтын параметрийн өөрчлөлт, түүний шалтгааныг илрүүлэх үндсэн дээр голын сав газар экосистемийн төлөв байдал, өөрчлөлтийн хандлагыг тогтоож болно. Баян, Хөшөөт зэрэг гол горхины савд 4, 5 дугаар сард хаврын шар ус, 7, 8 дугаар сард хур борооны үер ихэвчлэн ажиглагдана. Хаврын шар усны үерийн урсац сав газар дахь цасан дахь усны нөөц, цас хайлах үеийн агаарын нэмэх температурын горимоос хамаарна. Баян голын сав газарт болсон 2004 оны шар усны үерийн урсацын гидрографын өгсөлт дэх хоногийн дундаж урсацын модуль ба агаарын хоногийн дундаж нэмэх температурын нийлбэртэй шууд хамааралтай ба дараах тэгшитгэлээр илэрхийлэгдэж байна [1].

q = 0.0042 Σ +t (R2 = 0.77 )
Yүнд: q- шар усны үерийн гидрографын өгсөлт дэх хоногийн дундаж урсацын модуль, л/с км2, Σ +t – агаарын хоногийн дундаж нэмэх температурын нийлбэр, цас хайлалтын итгэлцүүр 0.0042 байна. Дээрх тэгшитгэлээр Хустай нурууны өврийн жижиг гол, горхины савд тохиох хаврын шар усны урсацын гидрографын өгсөлтийн үеийн усны өдөр тутмын өнгөрөлтийг /Q/ дараах тэгшитгэлээр ойролцоо үнэлж болно [5].
Q = 0.0042 (Σ+t) F
Yүнд: F- гол, горхи, сайрын ус хурах талбай, км2 Шар усны үерийн их урсацын хэмжээ нь сав газар дахь цасан дахь усны нөөцөөс хамаарна. Иймээс цаашдын судалгаанд сав газар дахь цасны усны нөөц ба шар усны үерийн горимыг холбон судлах шаардлага байна. Шар усны үерийн хамгийн их урсац ажиглагдсаны дараах урсацын бууралтыг дараах тэгшитгэлээр илэрхийлж болох талтай байна.
Qt = Qmax exp(-a x t)
Yүнд: Qmax - Шар усны үерийн хамгийн их өнгөрөлт л/с, t- их урсац ажиглагдсанаас хойших хоногийн дугаар. a- ус хуралтын параметр. Голын сав газрын хэмжээ бага, ус өгөмж их байх тутам энэ параметрийн утга төдий чинээ өндөр байна. Үүний эсрэгээр усыг их хэмжээгээр нөөцлөх чадавхитай эсвэл томоохон голын савд энэ параметрийн утга бага байна. Иймээс энэ параметр голын сав газарт ул хөрсний усны хуримтлал буй болох нөхцөл ба газар доорх усны тэжээлийн хэмжээг илэрхийлэх гидрогеологийн хүчин зүйлс үүний дотор хурдас, уст үеийн нүх сүвшил, ус өгөмж болон ой, хөрс ургамал зэрэг урсац бүрдэх нөхцөлөөс голлон хамаарна.
Томьёоны зүүн гар тал усны түвшний бууралтын эхний үед голын сав газраас голыг тэжээж буй газар доорх усны эзэлхүүн /Wo/ болно. Харин а параметрийн урвуу утга (1/а) нь газар доорх усны нөөц голыг тэжээж дуусах нийт хугацаа (τ) болно. Энэ хугацаа ба газар доорх ус голыг тэжээж эхлэх үеийн усны нөөцийн цувааг үүсгэж тэдгээрийн өөрчлөлтөд дүн шинжилгээ хийж болно.
Үер ба их устай үеийн дараа голын усны түвшин бага байх үед газар доорх ус голыг тэжээнэ. Энэ үед гол зөвхөн газар доорх усны тэжээлтэй бол голын усны түвшин газар доорх усны түвшинг даган хэлбэлзнэ. Өөрөөр хэлбэл шууд хамааралтай байна. Харин хуурайшилтай үеийн дараа гол элбэг устай болох үед гол газар доорх усыг тэжээнэ. Гэхдээ эдгээр харилцан тэжээх процесс голын ба газар доорх усны түвшин ижил буюу түвшний шатлуур тэгтэй тэнцүү болтол үргэлжилнэ. Иймээс Н= f(Q) хамаарлын графикт а, б, в, г гэсэн газар доорх ба голын усны гидравлик холбооны дөрвөн мужийг илрүүлж болно. Гидравлик холбооны “а” мужид газар доорх усны түвшин ба голын урсац дунджаас их байна. Энэ үед газар доорх ус голын усанд тулсан байдалтай байх учраас газар доорх усны түвшний хэлбэлзэл бага, голын уртын дагууд урсацын алдагдал бага байх нөхцөл бүрдэнэ. Эл үед Баян гол Туул голд хүрч цутгах эсвэл харуулаас доош урсах зай нэмэгдэх таатай нөхцөл бүрдэнэ. Цаашид голын усны түвшин газар доорх усны түвшнээс өндөр байх нөхцөл бүрдвэл гол газар доорх усыг тэжээнэ. Харин “б” мужид газар доорх усны түвшин дунджаас бага, голын усны өнгөрөлт дунджаас их байна. Энэ үед гол газар доорх усыг тэжээх ба голын ус хур бороо, хаврын шар уснаас бүрдэх ба голын уртын дагуух урсацын алдагдал хамгийн их байна. Гидравлик холбооны “в” мужид голын усны өнгөрөлт ба газар доорх усны түвшин дунджаас бага байна. Энэ үед голын сав газар бүхэлдээ бага устай газар доорх ус ба голын усны хоорондын гидравлик холбоо маш сул, эсвэл холбоо тасарсан байна. Гидравлик холбооны “г” мужид голын өнгөрөлт дунджаас бага ба газар доорх усны түвшин дунджаас их байна. Энэ үед гол газар доорх усаар тэжээгдэнэ. Иймээс эл мужид голын урсацын уртын дагуух алдагдал хамгийн бага байна.

Result

Баянголын урсацад гантай байсан 2002 онд газар доорх усны тэжээл зонхилж байсан бол дунджаас ахиу хур тунадастай 2003, 2005, 2006, 2008 онд хур борооны тэжээл, 2004 онд хаврын шар ус, зуны хур борооны тэжээл зонхилж байв. Харин 2009 он хур тунадас олон жилийн дундажаас их боловч Баянголд газрын доорх усны тэжээл зонхилж байгаагаараа онцлог болов /1 дүгээр зураг/. Баян, Тариат голуудын дүрс зүйн онцлог, ялангуяа харьцангуй бага ус хурах талбайтай, голын гулдрил, татам нь уулс хоорондын шахагдсан нарийн хөндийд сунаж тогтсон, сав газрын хажуу бэл, гулдрилын хэвгий үлэмж их (бэлийн хэвгий 0.206-0.217 %o, гулдрилын дунджилсан хэвгий 19-41 %0) зэргээс үзэхэд эрчимшил ихтэй хур тунадас унах үед богино хугацаанд үер үүсэх байгалийн нөхцөлтэй.

Баян голын урсац 2002 онд буурах хандлагатай байсан нь түүний газрын доорх усны гол тэжээл болох Баян булгийн ундарга буурч байгааг харуулж байв. Ажиглалтын гар худаг дахь усны түвшин мөн аажим буурах явцтай байжээ. Энэ нь сав газрын эхэн дэх голыг тэжээж буй газрын доорх усны тэжээлийн хэмжээ буурч байхад урсац сарних бүсэд буюу харуулаас дооших хэсэгт Баян гол газар доорх усыг тэжээж байгааг харуулж байна. Хур тунадас орсноос Баян голын урсац төдийлөн нэмэгдэх байдал илрэхгүй байв. Трендийн шугамаар тооцвол, Баян голын урсац ажиглалтын эхэнд /2002. VII.01I/ 0.57 л/с байсан бол 80 хоногийн дараа буюу 10 дугаар сарын 20-ны үед 0.40 л/с болж буурч байна. Тэгвэл, дээрх томьёоны параметрүүдэд тоон утгыг орлуулбал дараах хэлбэртэй болно.
2002 онд Qt = 0.5759 exp (-0.0022 t)
2003 онд Qt = 2.4929 exp (-0.0020 t)
2004 онд Qt = 1.4780 exp (-0.0024 t)
2005 онд Qt = 4.3092 exp (-0.0019 t)
2006 онд Qt = 3.8969 exp (-0.0128 t)
2007 онд Qt = 3.6467 exp (-0.0121 t)
2008 онд Qt = 3.3291 exp (-0.0230 t)
2009 онд Qt = 3.6380 exp (-0.02 t)
Үүнээс үзвэл, Баян гол ба түүний гол тэжээл болох булгийн ус хуралтын параметр 2002 онд -0.0022, худгийнх -0.0247 байсан бол 2003 онд Баян голынх - 0.0020 болсон бол худгийнх -0.00005 болж багасаж, 2004 онд Баян голынх -0.0024, худгийнх -0.0017 болж, голын сав газрын байгалийн урсац зохицуулах чадавхи өмнөх оныхоос буурч байсан бол 2005, 2006, 2007 онд Баянголын ус хуралтын параметр –0.0019, -0.0128, -0.0121 болж Баянголын сав газрын байгалийн урсац зохицуулах чадавхи сайжирчээ. Харин 2008 онд булгийн ус хуралтын параметр - 0.023 болж байгалийн урсац зохицуулах чадавхи эрчтэй буурч байсан бол 2009 онд -0.02 болж бууралтын эрчим саармагжиж байна.
Баян голын усны түвшний бууралтын эхэн үед түүнийг тэжээж буй газар доорх усны эзэлхүүн Wo = Qo/a= 259 л/хоног, газрын доорх усны нөөц голыг тэжээж дуусах нийт хугацаа (τ) = 1/а = 454 хоног байхаар 2002 онд урьдчилсан дүн гарч байсан бол 2003 онд Wo = 1246 л/хоног ба (τ) = 1/а = 500 хоног болж нэмэгдсэн бол, 2004 онд Wo = 616 л/хоног ба (τ) = 1/а = 417 хоног болж тус тус буурчээ. 2003 онд Баянгол ахиу урсацтай байсан учраас голоос газар доорх урсацыг тэжээж, газар доорх усны түвшин нэмэгдэж байжээ. Харин 2004 онд газар доорх урсац ба Баянголын усны урсац жилийн турш буурах явцтай байсан бол 2005 онд Wo = 2263 л/хоног ба (τ) = 1/а = 526 болж сав газрын газар доорх усны нөөц арвижсаныг харуулж байна. 2006 онд Wo = 137 л/хоног ба (τ) = 1/а = 78 хоног болж сав газрын газар доорх усны нөөц үлэмж багассан байгаа нь хур тунадасны цаг хугацааны хуваарилалт туйлын жигд бус 5-10 дугаар сарын нийт хур тунадасны 58 хувь зөвхөн 7 дугаар сард унаж үүнээс хойших саруудад хур тунадас бага байсантай холбоотой байна. Харин 2007 онд Wo = 301 л/хоног ба (τ) = 1/а = 82 болж өмнөх оноос сэргэсэн байсан бол 2008 онд Wo = 144 л/хоног ба (τ) = 1/а = 4.34 буурч байсан бол 2009 онд Wo = 181.9 л/хоног ба (τ) = 1/а = 50 болж голыг тэжээж дуусах хугацаа ус судлалын харуулаас дооших хэсэгт 45 хоногоор уртасаж байна /харуулаас дээших хэсэгт худаг байхгүй тул тооцох боломжгүй/.
Дээрх зургаас үзвэл 2003 онд харьцангуй элбэг устай байсан учраас Баянгол газар доорх усыг тэжээх, 2004 онд гадаргын болон газар доорх усны түвшин зэрэг буурч, 2005 онд Баянголын урсац ба газар доорх усны түвшин дунджаас их байжээ. Эдгээрээс үзвэл 2003 онд гидравлик холбооны “б” муж, 2004 онд “в” муж, 2005, 2006 онд “а” муж холбоо зонхилж байсан бол 2007 онд тунадас багатай хуурайшилт ихтэй жил байсанаас энэ онд гидравлик холбооны “г” муж зонхилон ажиглагдаж Баянгол газар доорх усаар тэжээгдэж байсан бол 2008 онд мөн гидравлик холбооны “г” муж ажиглагдаж байгаа боловч газар доорх ус голыг тэжээж чадахгүй байна. Энэ нь газрын доорх усны түвшин голыг тэжээх хэмжээнд хүрч нэмэгдэж чадахгүй байгаатай холбоотой байна. Харин 2009 онд 4 дүгээр сарын 24-нөөс эхлэн 1 сарын туршид гидравлик холбооны “а” муж ажиглагдсан ба үүнээс хойш “г” муж ажиглагдаж 1 сарын хугацаанд газар доорх ус Баянголыг тэжээснээр газрын доорх түвшин буурч цаашид голыг тэжээж чадахгүй түвшинд хүрснээр гол тасарсан байна. Энэ нь Баянголд хур борооны тэжээл маш сул байсныг илэрхийлж байна /15 дугаар зураг/.
Газар доорх усны хээрийн хэмжилтээс үзэхэд 2003 оны 5 дугаар сараас 2004 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд Хуурайн амны доод худаг буюу Балдир гуайн худгийн усны түвшин ялимгүй буурч, Өнгөт уулын бэл, Урсацын талбай, Хөшөөтийн амны дээд, доод, Хуурайн амны дээд, Эрдэнэцогт уулын өврийн худгийн усны түвшин 0.01-1.0 м хүртэл нэмэгдсэн байв /17дугаар зураг/.
Хэмжилтэд хамрагдсан худгуудын усны түвшин 2003-2008 онд Хөшөөтийн амны доод, дээд, Хуурай амны, Эрдэнэцогтын зэрэг худгуудад 0.5-1 м нэмэгдсэн бол Урсацын талбайн ба Хуурайн амны доод буюу Балдир гуайн худагт өөрчлөлт багатай байсан бол 2009 онд Балдир гуайн худгийн түвшин 10 орчим см-ээр өмнөх оноос буурсан байна /17 дугаар зураг/. Хуурай амны дээд худагт лай хуримтлагдаж, битүүрч 2005 оны хавраас хэмжилт хийх, ашиглах боломжгүй болжээ. Түүнийг цэвэрлэх шаардлагатай байна.
Хөшөөтийн амны дээд худаг 2004 оноос хойш усгүй болсон бол Хөшөөтийн амны доод худаг, Урсацын талбайн худгуудыг 2005 оны 5 дугаар сарын хэмжсэн хэмжилтийг 2006 оны 9 дүгээр сарын хэмжсэн хэмжилтэй харьцуулахад 2.47, 0.33 см буурсан байна. Харин 2007 онд урсацын талбайн худаг 5 дугаар сараас 10 дугаар сарын хүртэлх хугацаанд усны түвшин 30 орчим см буурч байсан бол 2008 онд ажиглалтын нийт хугацааны хамгийн бага түвшин ажиглагдаж байсан буюу усны түвшин эрчтэй буурч байв. Харин 2009 онд урсацын талбайн худгийн усны түвшний эрчтэй бууралтын зэрэг суларч байна.

Discussion

Баян голын усны түвшний бууралтын эхэн үед түүнийг тэжээж буй газар доорх усны эзэлхүүн Wo = Qo/a= 259 л/хоног, газар доорх усны нөөц голыг тэжээж дуусах нийт хугацаа (τ) = 1/а = 454 хоног байхаар 2002 онд урьдчилсан дүн гарч байсан бол 2003 онд Wo = 1246 л/хоног ба (τ) = 1/а = 500 хоног болж нэмэгдсэн бол, 2004 онд Wo = 616 л/хоног ба (τ) = 1/а = 417 хоног болж тус тус буурчээ. 2003 онд Баянгол ахиу урсацтай байсан учраас голоос газар доорх урсацыг тэжээж, газар доорх усны түвшин нэмэгдэж байжээ. Харин 2004 онд газар доорх урсац ба Баянголын усны урсац жилийн турш буурах явцтай байна. Харин 2005 онд Wo = 2263 л/хоног ба (τ) = 1/а = 526 болж сав газрын газар доорх усны нөөц арвижиж байсан бол 2006 онд Wo = 137 л/хоног ба (τ) = 1/а = 78 хоног, 2007 онд Wo = 301 л/хоног ба (τ) = 1/а = 82, 2008 онд Wo = 144 л/хоног ба (τ) = 1/а = 4.34 болж сав газрын газар доорх усны нөөц багассан байна. 2009 онд Wo = 181.9 л/хоног ба (τ) = 1/а = 50 хоног өмнөх оныхоос 40 хоногоор уртассан боловч газар доорх усны нөөц, тэжээл буурах ерөнхий хандлага хадгалагдсаар байна. Үүнээс үзэхэд Баянгол нь өөрийн сав газар дахь газрын доорх устай маш хүчтэй гидравлик холбоотой болох нь ажиглагдаж байна.
Хэмжилтэд хамрагдсан худгуудын усны түвшин 2003-2005 онд Хөшөөтийн амны доод, дээд, Хуурай амны, Эрдэнэцогтын зэрэг худгуудад 0.5-1 м нэмэгдсэн бол Урсацын талбайн ба Хуурайн амны доод буюу Балдир гуайн худагт өөрчлөлт багатай байсан бол 2006 онд Хөшөөтийн амны доод худаг, Урсацын талбайн худгуудын 2005 оны 5 дугаар сарын хэмжилтийг 2006 оны 9 дүгээр сарын хэмжилттэй харьцуулахад 2.47, 0.33 см, 2007 онд урсацын талбайн худаг 5 дугаар сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 30 орчим см тус тус буурч байсан бол2008 онд газар доорх усны түвшин ажиглалтын хугацааны (2002-2008) хамгийн бага түвшинтэй байсан төдийгүй улирлын хэлбэлзэл мөн хамгийн бага байв. Харин 2009 онд худгийн усны түвшний эрчтэй бууралтын зэрэг суларч байна. Үүнээс үзвэл хур тунадас хөрсөнд хурдан шингэж газрын доорх усыг сэлбэж Баянголыг тэжээж чадахгүй байна.

Reference

  1. БНМАУ-ын уур амьсгал, гадаргын усны нөөцийн атлас, УБ, 1985
  2. Даш Д., Экосистем, байгалийн бүс бүслүүр, экологи-газарзүйн мужлал, Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ: үнэлгээ, өргөжүүлэх асуудал, УБ., 2002, х.х. 11-26
  3. Доржготов Д., Ногина Н.А. Почвенно-географическое районирование Монголии. Почвоведение. 1982 г., ¹4. стр. 23-32.
  4. Жадамбаа Н., Монголын гидрогеологийн зураг, М1:1000000, УБ. 1996
  5. Инструкция по определению расчётных гидрологических характеристик при проектировании противоэрозионных мероприятий на Европейской территории СССР, Лен., Гидрометиздат, 1979
  6. Монгол орны гадаргын ус, Улаанбаатар хот, 1999
  7. Төв аймгийн уур амьсгалын эмхтгэл
  8. Ус зүйн тодорхойлолтуудыг тооцоолох норм ба дүрэм БНбД 2.01.14-86