Шинжлэх ухааны өгүүллийн цахим сан

Хустайн байгалийн цогцолборт газрын ойн төлөв байдлын судалгааны үе

Д.Энхсайхан1 Б. Самбуу2
1e-mail denkhsaikhan@yahoo.com 2ОМССХүрээлэнгийн Ой модны технологийн салбар e-mail sambuu@yahoo.com

Хураангуй

Энэхүү өгүүлэгт Хустайн нуруун дахь “Хустайн байгалийн цогцолборт газар”-ын ойн тархалтын одоогийн төлөв байдлыг нарийвчлэн судлаж ойн санд гарч байгаа өөрчлөлтийг хэсэглэл, ялграл бүрээ газар дээр нь тогтоож цаашид ойн тархалтын онцлогт тулгуурлан ойн нөхөн сэргээлт, ойг хамгаалах чиглэл авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай судалгааны дүнг өгүүлэв.

Түлхүүр үг: Хэсэглэл,ялграл,ойн сангийн талбай,модны ишний голч,модны өндөр,ишний ёзоорын голч,таксац,хус

Удиртгал

Судалгааны зорилго:
Хустайн байгалийн цогцолборт газрын ойн тархалтын одоогийн төлөв байдлыг нарийвчлэн судлаж хил хязгаар, тархалтын онцлог, ойн бүрэлдэхүүн, нөхөн сэргээлтийн байдал зэргийг газар дээр нь нарийвчилан судлаж тогтооно. Судалгаа явуулсан газар болон хугацаа: Хустайн нурууны ой тархалтын газарт явуулна. Судалгааг маршрутын болон сорилтын талбай байгуулан гүйцэтгэв. Хустайн нурууны ойн төлөв байдлын судалгааг 2009 оны 06-р сарын 01- нээс 2009 оны 12-р сарын 30-ны хооронд хийж гүйцэтгэв.
Судалгаа явуулах ажлын зорилт: Үүнд:

  1. Ойн тархалтын хил хязгаарыг тогтооно
  2. Ойн тархалтын талбайн хил хязгаарыг GPS багажаар хэмжиж тодорхойлоно.
  3. Ойн төлөв байдлыг хэсэглэл, ялгарал болгонд үзэж ойн бүрэлдэхүүн, модны төрөл зэрэг таксацийн үзүүлэлтүүдийг тогтоох.
  4. Ойн нөхөн сэргээлт, байгалийн ойн өнөөгийн төлөв байдлыг тогтоон гаргана.
  5. Ойг хамгаалах чиглэлийн одоогийн байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ
  6. Ойн тархалтын зургийг 1:50000 тоон мэдээлэлтэй гаргаж өгөх зорилтуудыг тавьсан болно.
Хустайн нурууны ойн судалсан байдал: Хустайн нурууны бүс нутгийг 1998 онд байгалийн цогцолбор газар гэсэн ангиллаар тусгай хамгаалалтанд авсан байна. Өнгөрсөн зууны 50-иад онд Монгол оронд бүрмөсөн устсан Монгол орны унаган амьтан болох Тахийг Голланд улсаас авчирч нутагшуулж байгаа нь Хустайн нурууг тусгай хамгаалалттай нутаг болгох нэгэн үндэслэл болсон байна. Монгол Улсын хэмжээгээр 1956 онд анх агаарын тоймчилсон судалгаа хийхэд Аргалант, Архуст, Баянхангай, Лүн, Сэргэлэн, Өндөрширээт, Эрдэнэсант сумдын ойн сан бүхий талбайд ойн тооллого бүртгэлийн ажлыг топозураг ашиглан анх тогтоосон. Гэвч эдгээр сумдуудын тархай бутархай байрлалтай байсан хэсэг төгөл ойнууд тухайн судалгаанд хамрагдаагүй. Түүнээс гадна 1990, 2007 оны судалгаанд орхигдсон төгөл ой, зураа ойг оруулан хийсэн юм. Мөн Ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэн Ц.Цэдэндаш, Геоэкологийн хүрээлэнгийн Н.Цагаанцоож нар болон бусад эрдэмтэд 1995, 1998, 2004 ондууд судалгаа хийж байжээ. Монгол орны ой хөвч урд талаараа өргөн уудам хээртэй шууд залгагдах ба чухам энэ хэсгээрээ ойн ерөнхий тархалтаас онцгой орших төгөл зураа мод олон бий. Хуурайшил, улмаар цөлжилтийн үйл явцыг хамгийн түрүүнд мэдэрдэг байна. Ойн тархалт хойшилсоор байгааг Лхачинвандад ууланд үлдсэн ойт хээрийн ургамлууд, Хэнтийн урьд зах, Хангайн өмнөд нурууд, Монгол Алтайн Бурхан Буудай, Хар Азаргын нурууны төгөл модод, зураа ой, Хөгнө-Ханы тасархай хушин ой, Богд хан уулын энгэрийн гацууран ой, Архангай аймгийн Цэнхэр, Булган сумын тасархай гацууран ой, Түмэнцогт уул, Хустайн нурууны сүүлчийн ганц нэг нарс гэрчилнэ. Цэдэндаш. 2000. Сүүлийн 100 жилд хүний үйл ажиллагааны нөлөөгөөр ойн экосистем яаж өөрчлөллөгдсөнийг судлаж үзэхэд бүх ойн 40% нь ямар нэгэн байдлаар хүний үйл ажиллагаанд өртсөн бөгөөд үүнээс 4% ойн бус экосистемд шилжсэн байна. Краснощеков, бусад 1990. Дээрх эрдэмтэд өөрсдийн судалгааны өгүүлэгт тэмдэглэж байв.

Материал арга зүй

Ойн төлөв байдлыг тогтоох судалгааны ажлыг Хустайн Байгалийн Цогцолбор газрын хил дор нийтэд нь анх удаа явуулж байна. Судалгааны ажилд 2007 онд явуулсан ойн тооллогын материалыг дэвсгэр болгож харьцуулсан байдлаар хийв. Судалгааны ажлын явцад ойн талбайн тархалт, хил хязгаарын цэгийг GPS-ын тусламжтай тогтоов. Ойн тархалтын зураг боловсруулалтын ажлыг газарзүйн мэдээлэлийн сангийн ArcGIS 9.2; ArcView 3.2 зэрэг программыг ашиглаж боловсруулав. Мөн ХБЦГ-ын өгсөн газар зүйн мэдээлэлтэй холболт хийв.

Үр дүн

Хустайн нурууны ойн төлөв байдал:
Хустайн нурууны БЦГ-ын ой бүхий газар нь Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумын заагт Улаанбаатараас 115 км орчим зайд тархан ургана. Монгол Улсын ургамшилын мужлалаар Монголын хээрийн мужийн Хэнтийн хэв шинжийн баялаг алаг өвс-улалж-биелэг өвст, нугын алаг өвс-үетэн дундад Халхын дэд мужид хамаарна. Харин ой ургамалшилтын мужлалаар Төв Азийн Дорнод Монголын ба говийн хүшуунд тархаж байна. Ойн аж ахуйн мужлалаар Хэнтийн салбарын Улаанбаатарын районд хамаарагдаг. Монгол орны ургамалшилтын ангилалаар Хэнтий нурууны үргэлжэл уул толгодын хажуугын ширэгт ойн бараан, нуагт ойн гүн цэвдэгт хөрстэй газрын өвслөг ургамалт хусан ба улиангаран ой тархана. Ургамалшилтын ангиллаар өвслөг ургамалт хээржүү ойн бүсэд хамаарна. Судалгааны ойн тархалтын байдлын хэсэглэлийг дугаарлахдаа Хустайн БЦГ-н нутаг дэвсгэрийг бүхэлд нь оруулж баруун хойд захаас эхлэн зүүн өмнөт зах хүртэл сумуудыг тус бүрд нь дэс дараалан дугаарлав. 2007 оны 5-рсарын 17-ны өдөр шинэчилсэн найруулгаар батлагдсан Монгол улсын Ойн тухай хуулийн 1-р бүлгийн 5.1-д зааснаар ойн санг хамгаалалт, ашиглалтын хэлбэр, экологи-эдийн засгийн ач холбогдлыг нь харгалзан дараахь байдлаар ангилдаг. Үүнд
7. Хамгаалалтын бүсийн ой
8. Ашиглалтын бүсийн ой гэсэн 2 бүсэд хуваадаг.
Хамгаалалтын бүсийн ойд Ойн тухай хуулийн 2-р бүлгийн 8.1-р зүйлд тусгай хамгаалалттай газрын болон сургалт, судалгааны зориулалттай ой багтана гэсний дагуу ХБЦГазарт тархан ургаж байгаа ой нь хамгаалалтын бүсийн ойд хамаарна.
Хамгаалалтын бүсийн ой
Хамгаалалтын бүсийн ой нь байгаль орчны тэнцэл, хүн амын эрүүл ахуйн нөхцлийг хангах, хөрсний эвдрэлээс сэргийлэх, гадаргын болон газар доорх усны горимыг зохицуулах ач холбогдолтой. Хамгаалалтын бүсийн ойд түүнийг хамгаалах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг сайжруулах зорилгоор арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ахуйн зориулалтаар түлээ бэлтгэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг. Хустайн нурууны БЦГ-ын ойн тархалт нь Баянхангай сумаас 1138 га, Аргалант сумаас 211 га, Алтанбулаг сумаас 485 га талбай тус тус тархаж байна. Хустайн нурууны ойн нийт талбай 1834 байна.

Хустайн нурууны ой үүсгэгч үндсэн мод нь хавтаг навчит хус (Betula platyphylla), улиангар (Populus tremula) юм. Хустайн нурууны ойд Сибирь-Хойт Монголын элемент болох хар үрт чаргай (Cotoneaster melanocarpa), сөөгөн хус (Betula fruticosa), дунд тавилгана( Spiraea media), тэхийн шээг (Ribes diacantha), өргөст нохойн хошуу (Rosa aciculaaris), улаан долоогоно (Crataegus danguinea), Монголын хээрийн элемент болох бариулт бүйлээс (Аmygdalus pedunculata), уулын хээрийн элемент болох сөөгөн боролзгоно (Dasiphora fruticosa) зэрэг сөөгүүд тархан ургана. Тэрчлэн Aconitum barbatum, Alragene sibirica, dianthus superbus, Anemone crinite, Lathyrus humilis, Iris ruthenica, Fragaria orientalis, Aconitum septentrionale, Rhytidium rugosum зэрэг ойн өвслөг ургамал, хөвд, Festuca ovina зэрэг цармын хүйтсүү ургамал, Calamagrostis, Elymus, Bromus- ын төрлийн хуурайсаг үетэн ургамлууд, Buplerum scorzonerifolia, Oxytropis filirormis, Leuzea uniflora, Veronica incana, Stellera chamaeasme, Pulsatilla ambigua, Stipa Krylovii зэрэг хээрийн ургамлууд нилээд тархаж байна. Хустайн нурууны оргил орчмын 1800 м-ээс дээш сөөгөн хуснаас бүрдсэн өвөрмөгц ой- ургамалжил үүсгэдэг нь цармын ойн бүслүүрийн шинжтэй ба түүнээс доош тайгархаг хусан ой тархана. Хустайн салбар уулсын зөвхөн оройгоор ой төгөл чадан ядан үүсгэж байгаа нь тэдгээрийг хүрээлсэн хээрийн нөлөө гэж үзэхээс бөгөөд төгөл модонд ихэнхдээ хээрийн ургамал зонилон тархана.
Ойн өтгөрөл:
Хустайн нурууны ойн сангийн өөрчлөлт: Судалгааны үр дүнг 1995, 2007 оны ойн зохион байгуулалтын тооллогын материалтай харьцуулж өөрчлөлтийг гаргаллаа.
Ойн төлөв байдал эрс өөрчлөгдсөн байгаа нь доорх тоо материалаас тодорхой харагдаж байна. Үүнд: Ойн талбайн байгалийн ойн талбай 983 га буюу 57.2 хувиар хасагдаж тармаг ойн талбайд шилжиж байна. Мөн ойн өтгөрөлийн дундаж 2007 онд 0.5 байсан бол 2009 онд 0.39 болсон байна. Ойн төлөв байдал эрс алдагдаж байгаа нь гадна талаасаа хүний нүдэнд илэрхий харагдаж байна. Хустайн нурууны орчим ургаж байгаа хэвийн ойг өөрчлөлт орсон талбайтай харьцуулсан байдлыг гэрэл зураг дээр харахад илүү тодорхой байв. Гэрэл зурагт харуулав. Ойн сангийн талбай, өтгөрөл, нөөц, модны бүрэлдэхүүнийг харуулсан материалыг хавсралт 1-ээр харуулав. Энэ материалаас ойн сангийн мэдээллийг хэсэглэл, ялгарал бүрээр харж болно. Хустайн нурууны ойн тархалтын зургийг 1:50000 хийж хавсаргав. Ойн хэвшинж: Хустайн нурууны ойн хэвшинж нь алаг өвс- улалжит хусан ой, улалж-үетэнсорвоот хусан ой, улалж-тавилганат хусан ой, улалж-үетэнт улиангар ойн үндсэн хэвшинжүүд голдуу тохиолдоно.
Эдгээрээс хамгийн өргөн тархалттай хэвшинж нь алаг өвс-улалжит 1420 га талбайд, улалж-тавилганат хусан ой 195 га талбайд тархаж байв. Ойн нөхөн сэргэлт: Хустайн нурууны ой ургаж байгаа талбайд ойн сэргэн ургалт байхгүй бөгөөд ойд үрээр нөхөн сэргэсэн зулзган мод тохиолдоогүй болно. Харин зарим газарт урд жил хатаад энэ жилийн хувьд хожуулаас шинээр ургаж байна. Хустайн нурууны сэргэн ургалтанд хуурайшилт болон үрийн ургалт сүүлийн жилүүдэд муу байсантай холбоотой юм. Мөн ойн нөхөн сэргээлтэнд буга мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна. Буга мод, сөөгөнд сөрөг нөлөөлөх болсон байна. Судалгааны үед ойгоор явж байхад буга улиангар модны холтос мэрсэн, жижиг сөөг ургамлыг гэмтээсэн байдал түгээмэл тохиолдож байв. Хөрс Хустайн нурууны хөрс нь ойт хээр, хээрийн бүсэд хамрагдах боловч өмнө талруугаа говь цөлийн төрх бүхий элсэн толгодуудтай янз бүрийн бүсийн шинжтэй болдог.
Уулт тайгын ширэгт чандруувтар хөрсний босоо бүсшилт
Ойн хортон шавж:
Хустайн нурууны хортон шавж, өвчины судалгааг анх 2000 онд хийж гүйцэтгэсэн байна. 3 баг, 9 овог, 14 төрөл, 18 зүйл шавжийг илэрүүлсэн байна. Шавжний ангийн дотроос хамгийн олон зүйл багтаассан Хатуу далавчтаны (Coleoptera) багийн 4 цох илэрсэн байна. Илтсэн сахалт цох (Scarabaeidae). Илтсэн сахалт цох нь идэш тэжээлийн хувьд ургамал идэштэн, ялзмаг өтөг бууцаар хооллогч гэсэн үндсэн 2 бүлэгт хуваана. (Цагаанцоож.2000)

Дүгнэлт

  1. Хустайн нурууны БЦГ-ын ойн сангийн талбай нийт 1834 га.
  2. Хустайн нурууны ойн талбайн нийт 1815 га бөгөөд үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай 735 га, ойгоор бүрхэгдээгүй талбай 1022 болж гарсан байна.
  3. Нийт ойн сангийн талбайгаас ойгоор бүрхэгдсэн талбай 42 хувь, ойгоор бүрхэгдээгүй талбай 58 хувийг эзлэнэ.
  4. 2007 онд 61 га талбай ойгоор бүрхэгдээгүй талбай байсан бол 2009 оны судалгаагаао 951 га талбай болж нэмэгдсэж гарсан өөрчлөлт оржээ. Энэ нь ойн бүрэлдэхүүнд мэдэгдэхүйц өөрчлөлт орж байгааг харж болно.
  5. Ойн өтгөрөлийн дундаж 2007 онд 0.5 байсан бол 2009 онд 0.39 болж өөрчлөгджээ. Энэ нь хус модны хаталтаас болж гарсан өөрчлөлт юм.
  6. Ойн хөнөөлт шавж их тархаж хус модны модлогыг гэмтээж байна.
  7. Ойн нөхөн сэргээлт явагдахгүй байна.
  8. Монгол орны хуурайшилтын нэг гол цэг болсон Хустайн нурууны ойн төлөв байдал хуурайшилтаас болоод яаж өөрчлөгдөж байгаа хүмүүст танилцуулах маршрут зохион байгуулах.
  9. Ойг нөхөн тарих ажлыг бага талбайд хамгаалалтын хашаа барьж хийж гүйцэтгэх. Энэ бүсэд тохирсон нөхөн сэргээх арга технологийг боловсруулж гаргах. Мөн олон улсын төсөл боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Хустайн нурууны энэ бага талбайд тархаж байгаа хусан ойг яаж өсгөн үржүүлэх талаар төсөл боловсруулж гаргах. Өөрсдөө хийнэ гэвэл асар их хэмжээний хөрөнгө шаардлагатай болох юм.
  10. Ойн сангийн болон ойн хортоны байнгын судалгаа явуулах талбайг байгуулж тогтмол мониторг хийж байх
  11. Гадаад, дотоодын төсөл хэрэгжүүлэх Үүнд: ойг нарийвчилан судлах цаг уурын дулаарлалтай холбож судлах: Хамтарсан мод тарих талбай сонгож тарих ажлыг хийх
  12. Молцог элсэнд хашаа хамгаалалтай мод, сөөгийг тарималжуулах ажлыг хийж гүйцэтгэх.
  13. Хустайн нурууны ойн болон байгаль орчны төлөв байдлын тухай сургалт, сурталчилгаа явуулах