Шинжлэх ухааны өгүүллийн цахим сан

Хустайн байгалийн цогцолборт газрын шулуун далавчит шавьжийн бүлгэмдлийн судалгаа

Ж.Мөнхбат
МУИС, mchonod@yahoo.com, munkhbat_j@num.edu.mn

Хураангуй

Хустайн цогцолбор газар нь ойт хээрийн бүсийн урд хил, хээрийн бүс зэрэг ерөнхий бүслүүрийн янз бүрийн биотоп бүхий нутаг юм. Шулуун далавчит шавьж ургамлаар хооллодог нь бусад өвсөн тэжээлт амьтдын хувьд гол өрсөлдөгч болдог, ялангуяа шулуун далавчит шавьжийн тоо толгойн огцом өсөлт идэш тэжээлийн өрсөлдөөнд хүчтэй нөлөө үзүүлдэг. Иймээс Хустайн байгалийн цогцолбор газарт байгаа шулуун далавчит шавьж тахь адуутай идэш тэжээлд хэр нөлөөлж буй нь сонирхолтой. Мөн шулуун далавчит шавьж идэж тэжээлийн хэлхээний суурь болж өгдөг, ялангуяа махчин болон бусад шувууд, зарим хөхтөн амьтдад голлох тэжээл болдог. Экосистемийн хувьд энэ багийн шавьж нэлээд үүрэг рольтой бөгөөд шулуун далавчит шавьжийг тодорхой цэгт удаан хугацааны судалгааг хийсэнээр орчны нөхцөлийн өөрчлөлтийг тандан, бэлчээрийн болон амьдрах орчны доройтол бий болж байгааг шулуун далавчит шавьжийн зүйлүүд бүлгэмдэлд оролцох хэмжээгээр нь индикатор болгож тодорхойлох нь Хустайн байгалийн цогцолбор газрын цаашдын менежментэд тус нэмэр болно.

Удиртгал

Судлагдсан байдал: Монгол орны шулуун далавчтаны анхны цуглуулгыг Р.Е. Гаммарштрём, К. Энбэрг (1885), Ф. Невский (1897), Е.Н. Клеменц (1898), П.К. Козлов (1899),В.Я. Бешков (1914), Б.П. Уваров (1914) нар хийсэн байна. Үүний дараа (1917-1955), С.П. Тарбинский (1927), Э. Мирам (1929), Г.Я. Бей-Биенко (1932, 1933, 1950), Л.Л. Мищенко (1936-1937), гэх мэт олон эрдэмтэд, тус орны шулуун далавчит шавьжийн судалгааг хийсэн байна (Кержнер, 1972). Үүний дараагийн үеэс Монгол-Польшийн (1962-1963), Монгол-Унгарын (1962-1968), Монгол-Оросын (1969-1975), Монгол-Германы (1964), Монгол-Чехийн (1965-1966) хамтарсан экспедицүүд ажиллаж тус оронд хийж байсан байна. Л.Чогсомжав (1963-1989), Батмөнх (1985) нар энэ багийн шавьжийн судалгааг тус орны судлаачдаас анх хийж байсан. Мөн 1997 онд Б.Батхуяг таримал ургамлын хортон царцааны судалгаа хийж байсан юм. Дээрх судлаачдын дүн мэдээнээс харахад энэ багийн шавьжийн таксономи буюу ангилал зүй нилээд сайн судлагдсан байна. Түүнчлэн энэ багийн шавьжийг таримал ургамлын хортон гэдэг талаас нь илүү анхааран судалсан байдаг. 2006 оноос хойш Хустайн байгалийн цогцолборт газрын шулуун далавчит шавьжийн зүйлийн тогтоох, 2007 оноос тус газрын шулуун далавчит шавьжийн бүлгэмдлийн судалгаа хийж байна.
Судалгааны ажлын зорилго
Уг судалгааны гол зорилго бол Хустайн нурууны экосистемд тодорхой нөлөөлөх үүрэг гүйцэтгэгч шулуун далавчит шавьжийн бүлгэмдлийн экологийн судалгааг хийх явдал юм. Үүний тулд дараах асуудлуудад анхаарлаа хандуулсан болно.

  • Зүйлийн бүрэлдхүүн
  • Амьдрах орчны сонголт
  • Бүлгэмдэлийн бүтцийн зарим үзүүлэлтүүд
  • Биотопуудад тархсан онцлог

Материал арга зүй

Бид судалгааныхаа дээж материалыг Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт 2007, 2008, 2009 оны 6, 7, 8, 9 сарууд цуглуулсан болно. Хустайн нурууны байгалийн цогцолборт газраас нийт 1760 дээж материал цуглуулав. Бид 4 өөр төрлийн биотопыг судалгааны талбай болгон авсан бөгөөд ялгаатай амьдрах орчинд байгаа шулуун далавчтаны багийн шавьжийг цуглуулахдаа 30 см диаметр бүхий том сачок, бичил орчинд байгаа шавьжийг барихад зориулсан жижиг сачок, дээж талбайг хэмжих 25м туузан метр, дээж авах талбайн захын цэгийг хязгаарлах дарцаг, барьсан бодгалиудаа хадгалах морилк зэргийг ашигласан бөгөөд уг судалгааг шугаман трансектын арга (Krebs, 1986; Southwood, 1996) дээр үндэслэн хийв. Сонгосон талбайд авах нэг удаагийн дээжийг 2 метрийн өргөнтэй, 20 метрийн урттай, нийт 40м2 талбайгаас цуглуулав. Сонгосон талбай бүрээс 5 давталттайгаар буюу судалгаанд хамрагдсан нийт 4 талбайгаас 20 удаагийн давталттай дээжийг цуглуулав. Дээжийг цуглуулах явцад шавьжуудыг үхүүлэхийн тулд 99%-ийн концентрацтай эзипатор буюу хлороформыг ашиглав. Шавьжийг 6 сарын сүүлээс 9 сарын сүүл хүртэлх хугацаанд цуглуулсан болно. Энэ нь тухайн багийн шавьжийн хөгжлийн үетэй давхцана. Цуглуулгыг шулуун далавчтаны багийн шавьжийн өдрийн идэвхийн хугацаанд буюу өглөөний 10-17 цагийн хооронд хийсэн болно (Сергеев, 1986). Судалгааны талбайгаас цуглуулсан шавьжуудаас сонголт хийн матрацанд хийж хадгалав. Шулуун далавчтаны зүйлийн олон янз байдал, доминант зүйлүүдийн харьцаа, зүйлийн баялаг зэргийг тооцон гаргахдаа Колвелийн боловсруулсан EstimateS 7.5.1 программыг ашиглан боловсруулав (Coiwell, 2000).

Үр дүн

Хустайн нурууны шулуун далавчит шавьжийн зүйлийн бүрдлийн судлагаа Бидний судалгаагаар Хустайн нуруунаас нийт 40 зүйл шулуун далавчит шавьж илэрсэн. Хустайн нуруунд тэмдэглэсэн зүйлүүдийг дараах хүснэгтээр харуулав (Хавсралт 1). Хустай нуруунаас илэрсэн нийт зүйлүүдийг ангилал зүйн байдлаар нь хувааж үзвэл Голионы (Tettigoniidae) овогт 6 төрлийн 10 зүйл, Дэвхрэгний (Tetrigidae) овогт 1 төрлийн 1 зүйл, Царцааны (Acrididae) овогт 14 төрлийн 29 зүйл шулуун далавчтан шавьж тус тус тэмдэглэгдээд байна. Голионы овгийн төрлийн олон янз байдал их байна. Хустай нурууны голионы овгийн нийт зүйлийн 22 хувийг Platycleis, 34 хувийг Metrioptera төрлүүд, бусад төрлүүд үлдсэн хувийг эзлэж байна (Зураг 3). Харин царцааны овгийн төрлийн олон янз байдлыг голионы овогтой харьцуулахад бага байна. Энэ овгийн нийт зүйлийн 34 хувийг Chorthippus төрөл, 14 хувийг Stenobothrus төрөл, 7 хувийг Omocestus төрөл, бусад төрлүүд үлдсэн хувийг эзлэж байна (Зураг. 4).

Хустай нурууны 2009 оны зуны шулуун далавчтан шавьжийн бүлгэмдлийн арвийг сар бүрээр ялгаатай амьдрах орчинд тохиолдсон байдлаар нь харуулав.
6-р сарын шулуун далавчит шавьжийн судлагааны үр дүн
Хустай нуруунаас 2009 оны 6 сарын сүүлээр цуглуулсан шулуун далавчит шавьжийн бүлгэмдэлийн зүйлийн баялаг, зүйлийн олон янз байдлыг тооцоолон гаргав (Хүснэгт.2). 2009 оны 6 сарын байдлаар уулын хээрийн биотопд зүйлийн баялаг хамгийн өндөр буюу SACE =17.1 зүйл байхад хамгийн бага нь хээр биотоп SACE =7,2 байна. Зүйлийн олон янз байдал нь нугын биотоп өндөр (H= 2,4) байна. Хустайн байгалийн цогцолборт газрын шулуун далавчит шавьжийн бүлгэмдэлийн 6 сарын доминант болон резидент зүйл гаргав. Ойн биотопд доминан зүйл байгаагүй. Нугын биотопд Gampsocleis sedakovi (d = 0,5) эудоминант, Arcyptera microptera (d =0,1 ) доминант, Metrioptera bicolor зэрэг 3 зүйл (d = 0,008) резидент байна. Уулын хээрийн биотопд Oedalis decorus (d = 0,2) доминант, Chorthippus fallax (d = 0,1) зүйлүүд доминант, Platycleis montana зэрэг 3 зүйл (d = 0,004) резидент байна. Хээрийн биотопд Chorthippus sp (d = 0,7 ) доминант, Platyclies tomini (d = 0,01) зэрэг 2 зүйлүүд резидент байна. Хустайн байгалийн цогцолборт газрын шулуун далавчит шавьжийн бүлгэмдлийн 2007, 2008, 2009 оны 6 саруудын популяцийн нягтшилын харьцааг доорх зурагт харуулав (Зураг. 5).
7 сарын шулуун далавчит шавьжийн судлагааны үр дүн
Хустай нурууны 2009 оны 7 сарын шулуун далавчит шавьжийн бүлгэмдэлийн зүйлийн баялаг, зүйлийн олон янз байдлыг тооцоолон гаргав (Хүснэгт.4). 2009 оны 7 сарын байдлаар уулын хээрийн биотопд зүйлийн баялаг хамгийн өндөр буюу SACE = 19.4 зүйл байсан бөгөөд хамгийн багатай биотоп нь хээрийн биотоп SACE =7.14 зүйл байна. Зүйлийн олон янз байдал уулын хээрийн биотопд өндөр H= 2,2 байна. Хустайн байгалийн цогцолборт газрын шулуун далавчит шавьжийн бүлгэмдэлийн 7 сарын доминант болон резидент зүйл гаргав. Ойн биотопд Gomphocerus rufus (d=0,5 ) зүйл доминант, Metrioptera bicolor (d=0,01) резидент байв. Нугын биотопд Chorthippus albomarginatus (d=0,4) зүйл доминант, Decticus verrucivorus (d=0.006) зүйл резидент байна. Уулын хээрийн биотопд Calliptamus abbrevatus (d=0.2 ), Oedaleus decorus (d =0.1 ) зүйлүүд доминант, Chorthippus fallax (d =0.001 ) резидент байна. Хээрийн биотопд Chorthippus sp (d=0.5) зүйл хэт доминант, Calliptamus abbrivatus (d=0.2) зүйл доминант, Oedaleus decorus (d=0.01 ) резидент байна. Хустайн байгалийн цогцолборт газрын шулуун далавчит шавьжийн бүлгэмдлийн 2007, 2008, 2009 оны 7 саруудын популяцийн нягтшилын харьцааг доорх зурагт харуулав (Зураг. 6)
8 сарын шулуун далавчит шавьжийн судлагааны үр дүн Хустай нурууны 2009 оны 8 сарын шулуун далавчит шавьжийн бүлгэмдэлийн зүйлийн баялаг, зүйлийн олон янз байдлыг тооцоолон гаргав (Хүснэгт.6). 2009 оны 8 сарын байдлаар уулын хээрийн биотопд зүйлийн баялаг хамгийн өндөр буюу SACE= 23,1 зүйл байсан бөгөөд хамгийн бага нь ойн биотопод SACE = 5.4 тохиолдож байна. Зүйлийн олон янз байдал уулын хээрийн биотопд өндөр H= 2,07 байна. Хустайн байгалийн цогцолборт газрын шулуун далавчит шавьжийн бүлгэмдэлийн 8 сарын доминант болон резидент зүйл гаргав. Ойн биотопд Stauderus scalaris (d = 0,5), Comphocerus rufus (d =0,36 ) зүйл доминан, Metrioptera brachyptera (d =0,01) резидент байв. Нугын биотопд Chorthippus sp (d = 0.4 ), Chorthippus albomarginatus (d = 0,1) зүйлүүд доминант, Metrioptera bicolor (d= 0,002) зэрэг 4 зүйл резидент байна. Уулын хээрийн биотопд Chorthippus sp (d =0,3), Calliptamus abbrevatus (d = 0,2 ) зүйлүүд доминант, Arcyptera microptera (d =0,001) зэрэг 5 зүйлүүд резидент байна. Хээрийн биотопд Chorthippus sp (d = 0,6 ) зүйл доминант байна. Хустайн байгалийн цогцолборт газрын шулуун далавчит шавьжийн бүлгэмдлийн 2007, 2008, 2009 оны 8 саруудын популяцийн нягтшилын харьцааг доорх зурагт харуулав (Зураг. 7)
9 сарын шулуун далавчит шавьжийн судлагааны үр дүн
Хустай нуруунаас 2008 шавьжийн бүлгэмдэлийн оны 9 сарын сүүлээр цуглуулсан шулуун далавчит үйлийн баялаг, зүйлийн олон янз байдлыг тооцоолон гаргав (Хүснэгт.8). 2009 оны 9 сарын байдлаар уулын хээрийн биотопд зүйлийн баялаг хамгийн өндөр буюу SACE = 7.1 зүйл байхад хамгийн бага нь ойн биотопд SACE = 1 тохиолдож байна. Зүйлийн олон янз байдал уулын хээрийн биотоп өндөр H= 1.3 байна. Хустайн байгалийн цогцолборт газрын шулуун далавчит шавьжийн бүлгэмдэлийн 9 сарын доминант болон резидент зүйл гаргав. Ойн биотопд Comphocerus rufus (d = 0,7) зүйл доминант, Calliptamus abbreviatus (d = 0,05) зүйл резидент байв. Нугын биотопд Chorthippus sp (d = 1) зүйл доминант байв. Уулын хээрийн биотопд Chorthippus sp (d = 0,4) зэрэг зүйлүүд доминант, Chorthippus brunneus (d = 0.01) зүйл резидент байна. Хээрийн биотопд Chorthippus sp (d = 0,9) зүйл доминант, Angaracris barabensis (d = 0,01) зүйл резидент байна. Хустайн байгалийн цогцолборт газрын шулуун далавчит шавьжийн бүлгэмдлийн 2007, 2008, 2009 оны 9 саруудын популяцийн нягтшилын харьцааг доорх зурагт харуулав (Зураг. 8)
Хустай нурууны шулуун далавчит шавьжийн бүлгэмдэл дэх температурын нөлөө
Хустай нурууны шулуун далавчит шавьжийн бүлгэмдлийн тоо толгойг сар бүрээр нь нэгтгэн гаргаж, түүнийгээ агаарын температур, хөрсний температурын сар бүрийн сүүлийн 10 хоногийн дундажийн хамаарлыг гаргав (Зураг 6). Бүлгэмдэлийн тоо толгой агаарын температураас хамааралтай байна (P> 0.05), харин тоо толгой хөрсний температураас хамааралтай (P> 0,05) байна.
Хустай нурууны шулуун далавчит шавьжийн тоо толгойг амьдрах орчноор нь нарийвчлан авч үзэж, дээрх хамаарлыг гаргав. Ойн биотопод тохиолдох шулуун далавчит шавьжийн тоо толгой агаарын болон хөрсний температураас хэрхэн хамаарч буйг гаргав (Зураг. 7). Ойн биотопод шулуун далавчит шавьжийн тоо толгой агаарын температураас хамааралтай байна (P> 0.05), тоо толгой хөрсний температураас мөн хамааралтай (P> 0,05) байна.
Нугын биотопод тохиолдох шулуун далавчит шавьжийн тоо толгой агаарын болон хөрсний температураас хэрхэн хамаарч буйг гаргав (Зураг.8). Ойн биотопод шулуун далавчит шавьжийн тоо толгой агаарын температураас хамааралтай байна (P> 0.05), тоо толгой хөрсний температураас мөн хамааралтай (P> 0,05) байна.
Уулын хээрийн биотопод тохиолдох шулуун далавчит шавьжийн тоо толгой агаарын болон хөрсний температураас хэрхэн хамаарч буйг гаргав (Зураг.9). Уулын хээрийн биотопод шулуун далавчит шавьжийн тоо толгой агаарын температураас хамааралтай байна (P< 0.05), тоо толгой хөрсний температураас мөн хамааралтай (P> 0,05) байна.
Уулын хээрийн биотопод тохиолдох шулуун далавчит шавьжийн тоо толгой агаарын болон хөрсний температураас хэрхэн хамаарч буйг гаргав (Зураг.10). Уулын хээрийн биотопод шулуун далавчит шавьжийн тоо толгой агаарын температураас хамааралтай байна (P> 0.05), тоо толгой хөрсний температураас мөн хамааралтай (P> 0,05) байна.
Хустай нурууны шулуун далавчит шавьжийн 2009 оны хөгжлийг судалгааг зургаар гаргав (Зураг. 11). Хугацааны эхэнд авгалдай, бие гүйцсэн бодгалийн харьцаа 80, 20 байв. Энэ байдал хугацааны дунд буюу 7 сарын сүүлээр авгалдай, бие гүйцсэн бодгалийн харьцаа 40, 60 болж, 8 сарын сүүлээр авгалдай, бие гүйцсэн бодгалийн харьцаа 0, 100 болсон байна. Эндээс харахад Хустайн нурууны шулуун далавчит шавьжийн авгалдайн шат 8 сарын эхээр дуусдаг байна.

Дүгнэлт

  • Бидний 2009 оны судалгаагаар Хустайн нуруунд нийт 3 овгийн 21 төрлийн 40 зүйл шулуун далавчит шавьж тэмдэглэгдлээ.
  • Хустайн нурууны шулуун далавчит шавьж бүлгэмдэлийн арви, зүйлийн баялаг аль алин уулын хээрийн биотопд өндөр байна. Судалгааны явцад (2007,2008, 2009) Хустайн нурууны шулуун далавчит шавьжийн арви нь уулийн хээрийн биотопд давамгайлах нь судалгааны үр дүн харуулж байна. Ялангуяа 2009 онд энэ биотопд арви нь хэд дахин өссөн нь хуурайшилтын төлөв байдал эрчимжих хандлага байх боломжтой юм.
  • Хустайн нуруунд тархсан шулуун далавчит шавьжийн бүлгэмдэл агаарын болон хөрсний температураас шууд хамааралтай байгаа нь дахин батлагдлаа.
  • Хустайн нурууны ойн биотоп нь жил ирэх тусам сийрэгжиж байгаа нь шулуун далавчит шавьжийн тус биотопд илрэх зүйлийн бүрдлийн илрэцээс харагдаж байна.

Талархал

Энэ гэрээт судалгааны ажлыг амжилттай хийж гүйцэтгэх тэтгэлэг олгож туслалцаа үзүүлсэн Хустайн Байгалийн цогцолбор Газарт гүн талархал илэрхийлье. Хээрийн ажлыг товлосон цаг хугацаанд гүйцэтгэхэд машин, хүн хүчний туслалцаа үзүүлж, судлаачдыг орон байраар хангаж, судалгааг амжилттай гүйцэтгэх бүхий л нөхцөл бололцоог хангаж өгсөн Хустай Байгалийн Цогцолбор Газрын удирдлага, хамт олонд талархал дэвшүүлье.

Иш татсан бүтээл

  1. Begon.M, Harper.J.L, Townsend.C.R (1996). Ecology. Third Edition. p204- 205.
  2. Coiwell, R.K. (2000). EstimateS 7.5.1. statistical estimation of species richness and shared species from samples. http://.viceroy.eeb.uconn.edu/EstimateS
  3. Krebs, Charles.J. (1986). Ecology methodology
  4. Southwood, T.R.E. (1996). Ecological methods with particular reference to the study of insect populations. Second edition. p.70-101.
  5. Батхуяг, Б. (1995). Монгол орны гол хортон царцааны биологи, экологийн судалгаа. Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний бүтээл
  6. БНМАУ-ын шавьж тодорхойлох товч бичиг. (1988).1 боть 124-155х.
  7. Кержнер, И.М. (1972). БНМАУ-ын энтомофауныг судалсан түүхээс. Насекомые Монголий Вып1, л.57-113
  8. Мөнхбат, Ж., Баяртогтох, Б., Muelenberg, M (2007). Баруун Хэнтийн Хонин нугын шулуун далавчит багийн шавьжийн экологийн судалгаа. Монгол орны бэлчээрийн шулуун далавчит шавьж. Эрдэм шинжилгээний бага хурал.
  9. Сергеев, М.Г. (1986). Заканомерности распространсния прямокрылых насекомых Северной Азий. Новосибирск
  10. Чогсомжав, Л. (1969). Шулуун далавчтан шавьжийн судалгаа. Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний бүтээл №4. 123-128х
  11. Чогсомжав, Л. (1973). Монгол оронд хөнөөлт шулуун далавчтан үй олноор үржиж буй шалтгаан. Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний бүтээл №7. 224-251х
  12. Чогсомжав, Л. (1974). Бэлчээр ашиглалтаас шулуун далавчтаны өөрчлөгдөх нь. Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний бүтээл №9. 194-198х
  13. Чогсомжав, Л. (1972). Сарачовые и кузнечиновые МНР. Насекомые Монголий, Вып1., 157-198
  14. Шавьжийн анги. (1987). БНМАУ-ын амьтны аймаг. 1 боть. 36-45х