Шинжлэх ухааны өгүүллийн цахим сан

Хустайн байгалийн цогцолборт газрын шоргоолжны тархалт, нягтшилийн судалгаа

У.Айбек, Ц. Өлзий

Түлхүүр үг: Хустай,үүрны нягтшил,шоргоолж,амьдрах орчин,F. candida

Материал арга зүй

Хустай орчмын нутгийн шоргоолжийн зүйлүүдийн биотопын тархалт, амьдрах орчин, үүрний нягтшилийг судлахын тулд бид голын нуга, дэрс- хялгана-харганат хээр, уулын нуга гэсэн 3 хэв шинжийн биотопыг сонгож авлаа. Хээрийн судалгааг 2009 оны 8- 9-р саруудад тус цогцолбор газрын ялгаатай хэв шинж бүхий амьдрах орчныг сонгон авч, шоргоолжийн зүйлийн бүрдэл болон үүрний нягтшилийн судалгааг Туул голын эрэг, Хустай нурууны урд хөндий, Эхэн-Усны ам зэрэг газруудад хийж гүйцэтгэв. Бид Хустайн БЦГ-ын янз бүрийн биотопод зонхилон тохиолдож буй зүйлүүдийг сонгон авч тэдгээрийн үүрний нягтшилийг гаргасан юм.

Үр дүн

 Үүрний нягтшилийг биотоп тус бүрд 10 м2 талбайг санамсаргүйгээр сонгон авч уг талбайд тохиолдох бүх үүрийг тоолж, түүний дунджаар үүрний тоо буюу нягтшилыг гаргалаа (Зураг 4).
Хустайн БЦГ-ын нутаг дэвсгэрт тохиолдох шоргоолжийн бүлгэмдлийг өргөн навчит ойн мезофиль болон хээрийн ксерофиль хэмээх хоёр үндсэн элемент болгон ангилаж болно. Урьд жилүүдийн хийж гүйцэтгэсэн судалгааны үр дүнгээс харвал Хустайн нуруунд өргөн навчит ойн бүлгэмдлийн гол төлөөлөгчид болох Myrmica angulinodis, M. arnoldi, Lasius gebaueri, F. uralensis, F. pisarskii, F. lugubris, F. aquilonia гэх мэт зүйлүүд хамаарч буй бол хээрийн хуурайсаг бүлгэмдлийн төлөөлөгчдөд Lepthothorax muscorum, F. longiceps, F. fusca, Proformica epinotalis зэрэг зүйлүүд зүй ёсоор орно. Бүхэлд нь авч үзвэл Хустайн БЦГ-ын шоргоолжийн бүлгэмдэлд хуурайсаг буюу ксерофиль амьдралтай зүйлүүд зонхилж байгаа юм.
Судалгаанд хамрагдсан биотопуудаас илэрсэн шоргоолжийн зүйлийн бүрэлдэхүүний төсөөт байдлыг Сорьенсений төсөө зүйн коэффициентийг ашиглан тооцож гаргасан бөгөөд дэрс–хялгана-харганат хээр ба голын нугын биотоп хоорондын төсөө зүйн коэффициент 0.5 байхад голын нуга ба уулын нуга 0.6 байна (хүснэгт 1).

Дээрхи хүснэгтээс харахад бидний судалгаа явуулсан талбайнууд зүйлийн бүрэлдэхүүний төсөөт байдлын индексийн хувьд бараг ялгаагүй ижилхэн байгаа нь харагдаж байна.

Судалгаанд хамрагдсан биотопуудад тохиолдох шоргоолжны үүрний нягтшилыг авч үзвэл голын нугад 10 м2 талбайд харьцангуй өндөр дундаж нягтшилтай 75 үүртэй байхад, хээрт үүрний дундаж нягтшил 12, уулын нугад дундажаар 8 тооны үүр тохиолдож байв. Биотопоор нь авч үзвэл голын нугад F.candida зүйл зонхилж байхад уулын нугад M.sulcinodis, M.kasczenkoi зүйлүүд харин хялгана–харганат хээрт F.candida, F.sanguinea, M.kasczenkoi зэрэг зүйлүүд тохиолдож байна (хүснэгт 2).
Хустайн нурууны шоргоолжийн бүлгэмдлийг экологийн бүлгээр авч үзвэл ерөнхий 3 бүлэг болгож болох юм. Үүнд:
  1. Эврибионт буюу орчны нөхцлийн харьцангуй олон амьдрах орчинд зохицсон зүйл
  2. Стенобионт буюу орчны нөхцлийн зөвхөн явцуу хүрээнд зохицсон зүйл
  3. Мезобионт буюу хэд хэдэн амьдрах орчин нөхцөлд зохицсон зүйл хэмээн ангилж (хүснэгт 3) болно.
Дээрх хүснэгтээс харахад Хустайн БЦГ-ын шоргоолжийн бүлгэмдлийн экологийн бүлгийн ихэнхи хувийг мезобионт 8 зүйл, эврибионт 6 зүйл, стенобионт 4 зүйл тус тус бүрдүүлж байна. Түүнчлэн бид энэ жилийн судалгааны ажлын явцад Эхэн-Усны амнаас зөвхөн урьд хэвлэгдсэн бүтээлүүдэд Монгол оронд тэмдэглэгдсэн мэдээ төдий байсан M.sulcinodis зүйлийг анх удаа цуглуулан баталгаажууллаа.

Дүгнэлт

  1. Судалгаанд хамрагдсан биотопуудаас дэрс–хялгана-харганат хээр болон уулын нуга буюу өндөрлөг газрын ландшафтууд харьцангуй олон зүйлийг агуулсан байна. Урьд жилийн судалгаанаас үзэхэд ихэнхи зүйлийн шоргоолж 2 юмуу 3 биотопд тэмдэглэгдсэн бөгөөд зөвхөн Formica candida зүйл ойн хоёр биотопоос бусад бүх амьдрах орчинд буюу хээр, уулын хээрийн 6 биотопд түгээмэл байдлаар тархсан болох нь илэрсэн юм. Энэ нь Хустай орчмын нутагт хуурайсаг буюу ксерофиль амьдралтай зүйлүүд зонхилж буйг илэрхийлж байна.
  2. Судалгаанд хамрагдсан биотопуудад тохиолдох шоргоолжийн үүрний нягтшилыг авч үзвэл F. candida зүйлийн үүр 10м2 талбайд харьцангуй өндөр буюу дунджаар 75 тохиолдоцтой байхад бусад зүйлүүдийн хувьд харьцангуй цөөн тохиолдоцтой байв.
  3. Судалгааны дүнгээс үзэхэд ХБЦГ-ын шоргоолжийн бүлгэмдлийг экологийн бүлгээр нь эврибионт, стенобионт, мезобионт 3 бүлэг болгож байна. Хустайн шоргоолжийн бүлгэмдлийн дийлэнх хувийг эврибионт, мезобионт бүлгийн зүйлүүд бүрдүүлж байгаа бол харин стенобионт бүлгийн зүйлүүд цөөн хувийг эзлэж байна.
  4. Хустайн Нуруунаас Монгол оронд ховор тохиолдох M.sulcinodis зүйл шоргоолжийг анх удаа Эхэн – Усны амнаас цуглуулав.

Иш татсан бүтээл

  1. (1995). Определитель насекомых далнего востока россии
  2. Аваадорж, Д. and О. Баттулга (2006). Хөрс судлалд хөтлөхүй УБ.
  3. Czechowski, W., A. Radchenko, et al. (2002). The ant (Hymenoptera, Formicidae) of Poland Warszawa.
  4. Dlussky, G. M. (1965). "Ants of the genus Formica L. of Mongolia and Northeast Tibet (Hymenoptera, Formicidae)." Annales of Zoology 23: 15- 43.
  5. Krebs, C. J. (1999). Ecological methodology, Addison-Wesley.
  6. Magurran, A. E. (1988). "Ecological diversity and its measurement: Croom Helm." Ltd. London 179.
  7. Pfeiffer, M., L. Chimedregzen, et al. (2003). "Community organization and species richness of ants (Hymenoptera/Formicidae) in Mongolia along an ecological gradient from steppe to Gobi desert." Journal of Biogeography 30(12): 1921-1935.
  8. Pisarski, B. and L. Krzysztofiak (1981). "Myrmicinae und Formicidae (Hymenoptera) aus der Mongolei. II." Folia Entomologica Hungarica 34: 155-166.
  9. Wilson, E. O. (1955). A monographic revision of the ant genus Lasius, [Museum of Comparative Zoology].