Шинжлэх ухааны өгүүллийн цахим сан

Хустайн байгалийн цогцолборт газрын зарим зүйл туруутан ба мах идэшт хөхтөн амьтдын тоо толгой

Ò. Áàòáààòàð
ÕÖà òºâ áèîëîãè÷

Хураангуй

Тахийг сэргээн нутагшуулахтай холбогдуулан 1993 оноос Хустайн экосистемийн талаархи иж бүрэн судалгааг хийж эхэлсэн бөгөөд уг ажлын хүрээнд Хустайн нурууны зарим зүйл хөхтөн амьтдын тоо толгой, нягтшил байршилийн мониторинг судалгааг тасралтгүй үргэлжлүүлсээр иржээ. 1993 оноос эхлэн Хустайн нурууг байгалын нөөц газар болгон улсын тусгай хамгаалалтад авч 1998 оноос байгалийн цогцолборт газар болгон экосистемийг иж бүрнээр нь хамгаалж байгаа билээ. Олон жилийн уйгагүй хамгаалалтын үр дүнд зэрлэг амьтдын байршин амьдрах багахан хэмжээний тайван таатай орчныг бий болгосон бөгөөд үүний үр дүнд Монгол орны хэмжээнд хааяагүй ховордож буй олон зүйл амьтдын тоо толгой өсөхийн дээр зарим зүйл амьтад шинээр ирж байрших болжээ.

Удиртгал

Хустайн нуруу 50600 га талбайг хамрах ба Хэнтийн нурууны салбар уулсын баруун урд хэсэг бөгөөд далайн төвшинөөс дээш 1120-1843 м өргөгдсөн, манай орны төдийгүй Евразийн ойт нутгийн урд зах юм. Энд ойт хээр, уулын хээр, багахан ой түүнчлэн Монголын хээрийн болон говийн завсарын бүсийг илэрхийлсэн элсэн тарамцаг, Туул гол түүний хөндий зэрэг амьдрах орчны олон хэв шинжийг нэгэн дор багтаасан өвөрмөц тогтоцтой нутаг юм. ХБЦГ-т хийгдсэн зэрлэг амьтдын судалгаанд гадаадын мэргэжилтэн Махтельд Ван Дийрендок, Ханс Ховенс, Мею Ван Дийденховен, Рене Хенкенс, болон биологич Х.Тунгалагтуяа, Т.Тодгэрэл, Д.Батдорж, Д.Өсөхжаргал нарын судалгаа чухал байр суурьтай. Дээр дурьдсан биологчдоос гадна, манай орны шинжлэх ухааны төв байгууллагаас академич А.Дулмаа, А.Болд, профессор С.Дуламцэрэн, Д.Сумъяа, Ш.Болдбаатар, ахлах ажилтан доктор (Ph.D) Н.Цэвээнмядаг, магистр Б.Нямбаяр, МУИС-ийн багш, судлаач Н.Батсайхан, доктор (Ph.D) С.Гомбобаатар нар хамтын гэрээний дагуу судалгаа хийж байв. Өнгөрсөн хугацаанд хийгдсэн судалгааны үр дүнд 10 баг, 90 овог, 400 зүйл шавж (Нансалмаа 1999, Айбек 2007); 5 баг, 10 овог, 16 зүйл загас (Дулмаа 1998); 1 баг, 2 овог, 2 зүйл хоёр нутагтан; 2 салбар баг, 3 овог, 3 зүйл мөлхөгч (Мөнхбаяр 1996); 16 баг, 40 овог, 219 зүйл шувуу (Ш. Болдбаатар); 7 баг, 16 овог, 44 зүйл хөхтнийг тус цогцолборт газрын амьтны аймгийн зүйлийн бүрдэлд тэмдэглэжээ.

Материал арга зүй

Профессор С.Дуламцэрэнгийн боловсруулж ХЦТ-ийн эрдмийн зөвлөлийн хурлаар батлуулсан “Зэрлэг хөхтөн амьтдын мониторингийн судалгааны арга зүй”-г мөрдлөг болгож, тус цогцолборт газрын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан 13 трансектийн замаар сар бүрийн II, IV дэх долоо хоног бүрд байгаль хамгаалагчид, тахьчид, биологичид 13-15 хүн амьтдын идэвхжилийн үе болох үүр цайхаас нэгэн зэрэг эхлэн зэрлэг амьтдын тооллого хийдэг. Хүн бүр тухайн маршрутын газрын зураг, амьтан тооллогын хүснэгт бүхий хээрийн судалгааны хуудас дээр харагдсан амьтдын тухай мэдээллийг тэмдэглэдэг.

Хээрийн судалгаагаар цуглуулсан зэрлэг амьтдын байршлын болон тоо толгойн мэдээллийг газар зүйн мэдээлэл боловсруулах GIS системийн Database санд Transect Extension [v 1.0] өргөтгөлийн тусламжтайгаар оруулж боловсруулалтын үндсэн хэрэглэгдэхүүн болгов. Цогцолборт газрын хэмжээнд халиун бугын тоо толгойн үнэлгээг Robson and Whitlock (1964) нарын Outer Bound-ийн аргаар тооцоолдог.

Үр дүн

Халиун буга (Cervus elaphus).
Хустайн байгалийн цогцолборт газарт халиун буга тоо толгой, нягтшилын хувьд зонхилогч туруутан юм. 1965 онд Хустайн нуруунд 1000 га-д 4 бодгаль ногдохоор 60 гаруй буга байв (Дуламцэрэн 1989). 1993 оноос эхлэн Хустайн нурууг улсын тусгай хамгаалалтад авсан бага 54 буга буга тоологдож байв. Үүнээс хойш тоо толгой өссөөр 2009 онд 706 буга бий хэмээн тооцоолжээ.
Бор гөрөөс (Capreolus pygargus).
Хэдийгээр тоо толгой цөөн боловч, тогтвортой байран нутаглана. Хамгийн багадаа 2 бодгаль, дунджаар 8-12 тооны бор гөрөөс жилийн аль ч улиралд ажиглагддаг. Бор гөрөөсний тоо толгойн цөөн байгаа нь Хустайд бугын тоо толгой өндөр байгаагаар тайлбарлагддаг. Зэрлэг гахай (Sus scrofa). Цөөн тооны зэрлэг гахай хус, улиас, улиангаран ой, уулсын арын торлогон шугуй шүтэж амьдрана. Хамгийн олондоо 14-өөр сүрэглэсэн тохиолдол бүртгэж байв. Зэрлэг гахайн хэвтэш баас, явсан, хадарсан амьдралын ул мөр элбэг тохиолддог.
Цагаан зээр (Procapra gutturosa).
Хустайн цогцолборт газарт уг зүйлийн тоо толгой жил жилдр харилцан адилгүй ба I-III сард цагаан зээрийн тоо хамгийн дээд хэмжээндээ хүрч харин V, VI сард хамгийн цөөн тоологддог бөгөөд жил жилээр эрс ялгаатай тоологддог нь нүүдэл шилжилттэй шууд холбоотой юм. Зарим жилд 1000 орчим бодгаль ажиглагдах нь бий бөгөөд 50-120 гаруй толгой зээр байнга нутаглана.
Янгир ямаа (Capra sibirica).
Нүүдэл шилжилтийнхээ холбоотойгоор ажиглагдаж байсан ба хамгийн сүүлд 2006 онд 6 тоотойгоор ажиглагджээ байлаа.
Аргаль хонь (Ovis ammon).
Сүүлийн жилүүдэд монгол орны хэмжээнд популяцын тоо толгой буурч устаж болзошгүй хэмээн үнэлэгдсэн энэ зүйл хустай орчимд цөөн тоотойгоор байршин амьдрах бөгөөд 2007 оноос эхлэн тохиолдоц нэмэгдэн байршил нутаг тогтворжиж байгаа бөгөөд 17 хүртлэх толгойгоор ажиглагдна.
Хар сүүлтий (Gazella subgutturosa).
Хустайд хар сүүлтий ажиглагдсан цөөн тохиолдол бий бөгөөд сүүлийн 3 жилд бүртгэгдсэнгүй.

Хустайн байгалийн цогцолборт газрын махчин амьтдын хувьд тоо толгой болон нягтшилийн нарийвчилсан үнэлгээ гараагүй бөгөөд тухайн жилд ажиглагдсан давтамжийг үндэслэн тоо толгойн олон жилийн хандлагыг харах боломжтой.
Еврази шилүүс (Lynx lynx). Тухайн зүйлийн амьдралын онцлогоос шалтгаалан ажиглагдах давтамж маш цөөн.
Мануул мий (Otocolobus manul). Цөөн боловч ажиглагдна.
Саарал чоно (Canis lupus). Хустайн цогцолборт газарт хаяагүй тохиолдх зонхилогч махчин. Сүүлийн жилүүдэд саарал чонын цогцолборт газарт ажиглагдах давтамж болон цөөрсөн хамгаалалттай газрын орчимд чонын халдлагаар хорогдсон малын тоо буурсан зэргээс үндэслэн тоо толгой буурч байгаа хэмээн үзэж болно.
Хярс үнэг (Vulpes corsa). Ажиглагдах давтамж төдийлөн өндөр биш боловч тухайн зүйлийн ялгадас гэх мэт үлдээсэн ул мөр элбэг тохиолдно.
Шар үнэг (Vulpes vulpes). Хустайд шар үнэг элбэг тохиолдох ба ажиглагдах давтамж буурч байгаа.
Халздай дорго (Meles meles). Ажиглагдах давтамж өндөр биш.
 

Дүгнэлт

ХБЦГ-т зэрлэг амьтдын тоо толгой өсөн нэмэгдэж, зарим зүйл амьтад нүүдэллэн ирж суурьшиж буй нь тухайн экосистемийг хамгаалсантай холбоотой. Хүний зохисгүй үйл ажиллагаанаас үүдэлтэй хүрээлэн буй орчин, амьд ертөнцийн доройтол нүүрлэж буй өнөө үед биологийн төрөл зүйлийг хамгаалах, байгалийг унаган төрхөөр нь авч үлдэх цорын ганц зөв зам бол газар нутгийг тусгайлан хамгаалах явдал юм. Хустайн байгалийн цогцолборт газарт Монгол орны хэмжээнд тоо толгой эрс цөөрч, тархац нутаг нь хумигдан IUCN-ний шалгуураар бүс нутгийн хэмжээнд устаж байгаа хэмээн үнэлэгдсэн халиун буга, устаж болзошгүй хэмээн үнэлэгдсэн аргаль хонь, монгол тарвага, эмзэг хэмээн үнэлэгдсэн цагаан зээр зэрэг амьтдын тоо толгой өндөр байгаа нь тусгай хамгаалалттай газрын ач холбогдлыг харуулах ба тус цогцолборт газарын хамгаалалтын захиргааны үйл ажиллагаа сайн байгааг илтгэх юм.

Иш татсан бүтээл

  1. Дуламцэрэн С., 1967 “Богд уулын буга”. Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний бүтээл. УБ.
  2. Дуламцэрэн С., Цэнджав Д., Авирмэд Д., 1989 “БНМАУ-ын амьтны аймаг”. II боть. Хөхтөн. УБ
  3. Дуламцэрэн С., 2000 “Хустайн Байгалийн Цогцолбор Газрын зэрлэг хөхтөн амьтдын судалгааны арга зүй (мониторинг)”. Хустай.
  4. Дуламцэрэн С., Лхагвасүрэн Б., 2003 “Монгол орны халиун бугын (Cervus elaphus L., 1758) тархац, нөөцийг үнэлэх судалгааны хөтөлбөр, арга зүй”. УБ. “Монгол улсын улаан ном” 1997. УБ
  5. Тодгэрэл. Т, Дуламцэрэн. С 2000 Хустайн байгалийн цогцолборт газрын зэрлэг туруутан амьтдын тархац, нягтшил тоо толгой (Судалгааны тайлан 2000)
  6. Өсөхжаргал. Д. 2004. Хустай Хустайн байгалийн цогцолборт газрын зэрлэг амьтан судлалын тайлан Өсөхжаргал. Д. 2005. Хустай Хустайн байгалийн цогцолборт газрын зэрлэг амьтан судлалын тайлан
  7. Өсөхжаргал. Д. 2006. Хустай Хустайн байгалийн цогцолборт газрын зэрлэг амьтан судлалын тайлан
  8. Батбаатар. Т 2008. Хустай Хустайн байгалийн цогцолборт газрын зарим туруутан ба мах идэшт зэрлэг амьтадын мониторинг сударгааны тайлан
  9. Батбаатар. Т 2009. Хустай Хустайн байгалийн цогцолборт газрын зарим туруутан ба мах идэшт зэрлэг амьтадын мониторинг сударгааны тайлан
  10. J. P. M. Hovens 1995 WILD LIFE AND LIVESTOCK RESEARCH IN THE HUSTAIN NURUU RESERVE IN1994
  11. J. P. M. Hovens 1996 WILD LIFE AND LIVESTOCK RESEARCH IN THE HUSTAIN NURUU RESERVE
  12. J. P. M. Hovens 1997 WILD LIFE AND LIVESTOCK RESEARCH IN THE HUSTAIN NURUU RESERVE