Electronic Scientific Paper Archive

ХБЦГ-т сэргээн нутагшуулж буй тахь адуу(Equus przewalskii Poljakov, 1881)-ны тоо толгойн хөдлөл зүй

Д. Өсөхжаргал1, Н. Банди2
1ХЦГ төв биологич, 2ХЦГ төв захирал

Abstract

Хустайн нуруунд 1992-2000 оны тэгш тоот жилүүдэд 5 удаагийн тээвэрлэлтээр нийт 84 тахийг тээвэрлэн авчирсан нь өдгөө 250 гаруй бодгальд хүрэн өсжээ. Хэдийгээр чийглэг, зөөлөн уур амьсгалтай европоос байгалийн хатуу ширүүн нөхцөлтэй орчинд шилжиж ирсэн ч “популяцийн ашигтай хэмжээ”, “үр төлөрхөг байдал” нь жил тутам нэмэгдэж байгааг тахь адуу шинэ орчиндоо дасан зохицож, амжилттай нутагшиж буйн илэрхийлэл гэж үзнэ.

Keyword: Òàõü,òîî òîëãîé,õºäëºë ç¿é

Introduction

Судлаач Н.М.Пржевальский Орос-Хятадын хилийн харуулын захирагч А.К.Тихоновоос бэлгэнд авсан адууны арьс, гавлын ясыг Петербургийн музейн амьтан судлаач И.С.Поляковт өгөн шинжлүүлснээр Пржевальскийн адуу (Equus przewalskii Poljakov, 1881) шинжлэх ухаанд бүртгэгджээ (Bouman 1994). Шинэ зүйл зэрлэг адуутай болохыг эрмэлзсэн гадны судлаачид 1898-1903 онд 88 унага барьж, 53-ыг нь амжилттай тээвэрлэн Европын орнуудад хүргэсэн байна (Дуламцэрэн 1991). Амьтны хүрээлэнгүүд дэх тахийн өсөлт 1970-аад оныг хүртэл ихэд удаан байгаад 1970-1980 аад оноос харьцангуй эрчимжиж, 1990-ээд он гэхэд 33 орны 130 орчим байгууллагад 960-аад тахьтай болсон байлаа. Гэвч, угаас цөөн тооны гарвал (founder)-аас үүдэлтэй гаршмал популяци (captive population) 10-14 үе, удам (generation)-ын дараа цус ойртолт, генийн дрейфийн улмаас генетик хувьсамж алдагдан дахин аюул нүүрлсэний дээр Монгол дахь популяци түүхэн тархац нутгийнхаа хэмжээнд бүрмөсөн устаж үгүй болсон нь энэ зүйл амьтныг сэргээн нутагшуулах зайлшгүй шаардлагатайг батлав. Тахийг эх нутагт нь амжилттай сэргээн нутагшуулах үндэс нь, хэтийн бодлогыг оновчтой төлөвлөх явдал юм. Үүний тулд, харьцангуй зөөлөн дулаан уур амьсгалт орчноос хатуу ширүүн, эрс тэс орчинд тээвэрлэгдэн ирсэн, хаалттай, тусгаарлагдмал популяцийн биологи, экологийн олон жилийн нарийвчилсан судалгаа зайлшгүй шаардлагатай. Биотик, абиотик хүчин зүйлсийн дарамтыг даван туулж, байгальд өөрөө өөрийгөө зохицуулах чадвар бүхий тахийн бие даасан зэрлэг популяци бий болгох нь байгууллагын хэтийн зорилго мөн. Сэргээн нутагшуулж буй хаалттай, тусгаарлагдсан жижиг популяцийн төлөв байдлыг хянаж, хэтийн бодлогыг оновчтой төлөвлөхөд ач холбогдол бүхий санал, зөвлөмж боловсруулахад бидний ажлын үндсэн зорилго оршино. Арга, аргачлал. ХБЦГ-т сэргээн нутагшуулж буй тахийн хээл авалт, хаялт, сувайралт, төрөлт, үхэл хорогдол, түүний шалтгааныг энгийн бүртгэл зүйн аргаар хөтлөв. Цус ойртолт, генетик олон янз байдлыг хянах оролдлого хийх зорилгоор үрээ, байдаснуудын сүргээсээ хасагдсан болон сүрэг бүрдүүлсэн, өөр сүрэгт хураагдсан шилжилт хөдөлгөөний огноог нарийвчлан бүртгэж байлаа. Нэгэнт хуримтлагдсан мэдээ баримтийг хаалттай, тусгаарлагдмал, жижиг популяцийн судалгаанд өргөн хэрэглэдэг DASHBOARD, SPARKS зэрэг тусгай програмуудын мэдээллийн санд хадгалсан болно. Тахийн тоо толгойн хэлбэлзлийг жил бүрийн 12-р сарын 31-нээр тасалбар болгосны дээр өсөлт, хорогдлын эрчмийг Duncan (1992)-ны томъёогоор илэрхийллээ.

Тухайн зүйлийн үржлийн системийн хязгаарлалт, хүйсийн зохист ба зохист бус харьцаатай холбоотойгоор уг популяцийн бодгаль бүр үр төлөө үлдээх магадлал тэнцүү бус байна. Үржилд оролцож, өөрийн генетик мэдээлэлээ үр удамдаа үлдээж чадаж буй ашигтай популяцийн хэмжээ нь, уг популяцийн жинхэнэ хэмжээнээсээ ямагт бага байдаг. Энэхүү популяцийн ашигтай хэмжээг дараах томъёогоор тооцлоо.
 

Material and Methods

ХБЦГ-т 1992-2000 онд гадаадаас авчирсан болон Хустайд төрсөн бүх л бодгалийн удмын дугаар, төрсөн огноо, эцэг, эх, тарга хүч, сүрэг дамжсан хөдөлгөөн, үхэл хорогдол, түүний шалтгаан, цус ойртолтын мэдээллийг энгийн бүртгэл зүйн аргаар хөтөлж, мэдээллийн баазад хадгалсаныг тайлангийн үндсэн хэрэглэхүүн болгов.

Result

Тоо толгой. Энэ онд Хустайд 68 гүү унагаласнаас янз бүрийн шалтгаанаар 24 унага, бусад насны 8 тахь эндэж, популяцийн хэмжээ 257 бодгальд хүрсэн нь, өнгөрсөн он (2008)-ы мөн үеийнх (220 бодгаль)-ээс 16.8% (37 бодгаль)-иар өссөн үзүүлэлт юм (1-р хүснэгт, 1-р график).

1992-2000 онд буюу гадаадаас тээвэрлэлттэй жилүүдэд тахийн тоо толгойн өсөлт дунджаар 32.1%-тай байгаад, тээвэрлэлт зогссоноос хойшхи 2001-2009 онд 9.1% болсон байна. Тахь зөөвөрлөлттэй болон зөөвөрлөлтгүй жилүүдийн харьцуулалт хэтэрхий өрөөсгөл болох нь ойлгомжтой. Харин байгаль зохицуулгатай хэмээн үзэж болох 2001-2009 оны өсөлтийн дундаж (9.1%)-тай харьцуулахад 2009 онд нилээд эрчимтэй өсжээ (16.8%). Цаг уур, орчны хүчин зүйлсийн ивээл дор сувайралт, хээл хаялт багасаж, үр төлөрхөг байдал, унагалах гүүний тоо нэмэгдэн унага ба бусад насны тахийн хорогдол багассан нь, тоо толгой эрчимтэй өсөх гол шалтгаан болов.
Өсөлтийн эрчим (rg). Популяцийн өсөлтийн эрчим 2009 онд 0.16% байгаа нь, 1992-2000 оны гадаадаас тээвэрлэлттэй жилүүд дэх өсөлтийн эрчмийн дундаж (0.34%)-аас 0.18%-иар бага байх хэдий ч, 2001-2009 оны тээвэрлэлт зогссоноос хойшхи жилүүд дэх өсөлтийн эрчмийн дундаж (0.09%)-аас 0.07%-иар их байна (1-р хүснэгт, 2-р график).
Хорогдлын эрчим (rm).
Популяцийн хорогдлын эрчим 2009 онд 0.12% байгаа нь, 1992-2000 оны гадаадаас тээвэрлэлттэй жилүүд дэх хорогдлын эрчмийн дундаж (0.15%)-аас 0.03%-иар, 2001-2009 оны тээвэрлэлт зогссоноос хойшхи жилүүд дэх хорогдлын эрчмийн дундаж (0.17%)-аас 0.05%-иар бууржээ (1-р хүснэгт, 2-р график).
2005-2007 он туршийн өсөлтийн эрчмийн бууралт, хорогдлын эрчмийн өсөлтөөс үүдэн зогсонги байдалд ороод байсан популяци унага ба бусад насны тахийн хорогдол бага, мэнд бойжилт элбэгтэй 2008-2009 онд харьцангуй эрчимтэй өсжээ. Нутагшуулж буй хаалттай, тусгаарлагдмал жижиг популяцийн өсөлтийг дэмжихийн тулд өсөлт ба хорогдлын эрчмийг нөхцөлдүүлэгч хүчин зүйлсийг анхаарах нь зүй юм. Өсөлт (rg) ба хорогдлын эрчим (Rm)-ийг нөхцөлдүүлэгч хүчин зүйлс. Популяци өсөлтийн дотоод чадавхи, махчидийн энергийн хэрэгцээний хэлбэлзэлт шинж нь, өсөлт ба хорогдлын эрчмийг нөхцөлдүүлэгч үндсэн хүчин зүйлс болно.
Популяци өсөлтийн дотоод чадавхи. Энэ онд, популяцийн ашигтай хэмжээ өмнөх оныхоос 5.8%-иар өсөж, 72 бодгальд хүржээ. Үр төлөрхөг байдал 81.6% байгаа нь олон жилийн дунджаас 17.3%-иар өссөн үзүүлэлт юм (3-р график).
Сувайралт. Нэгж хугацаанд мэндлэх төлийн хэмжээнд “үр төлөрхөг байдал” чухал үүрэгтэй бол үүний эсрэг ойлголт нь сувайралт юм. 1992- 2000 оны тээвэрлэлттэй жилүүдэд гүүд ихээр сувайрч, тээвэрлэлт зогссоноос хойш хээл авалт ихэссэн мэт харагдах (4-р график) хэдий ч, үнэндээ тээвэрлэлттэй болон тээвэрлэлтгүй жилүүд дэх гүүдийн хээл авалт ба сувайралт харьцангуй жигд байжээ.
Үхэл, хорогдол. Орчны хүчин зүйлс ивээснээр үр төлөрхөг байдал, унагалах гүүдийн тоо нэмэгдсэн ч, 2005-2007 оны үхэл хорогдлын эрчимжилтийн улмаас популяци өсөлт удаашрахад хүрэв. Харин 2008-2009 онд төлийн мэнд бойжилт харьцангуй өндөр төдийгүй бусад насны тахийн хорогдол бага байлаа (5-р график).
Олон жил (1993-2009)-ийн дунджаар төлийн 40%-нь тухайн жилдээ хорогдож, 60%-нь дараагийн насны бүлэгт мэнд үлдэж байв. Гэтэл, 2005- 2007 оны төлийн 60%-нь тухайн жилдээ хорогдож, зөвхөн 40%-нь мэнд үлдэх болжээ (6-р график). Харин энэ онд төлийн 64.7%-нь мэнд бойжиж, 35.3%-нь хорогдсон байна.