Electronic Scientific Paper Archive

Бэлчээрийн талхлагдлын хөрсөнд үзүүлэх нөлөө

О.Баттулга, Д.Батбаяр, И.Мягмаржав

Abstract

Судалгааны ажлын шаардлага Дэлхийн уур амьсгалын дулаарлын нөлөөгөөр Монгол орны нийт газар нутгийн 70 орчим хувь нь цөлжилт, элсний нүүлтэд хамрагдаж, говь, хээр, ойт хээрийн бүсийн ногоон байгууламжийн хэмжээ, тархац хумигдан экологийн тэнцвэр алдагдаж, улс орны цаашдын тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа билээ. Хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөгүй ХБЦГ-ын 2000 га хусан ойн 30 хувь сүүлийн 10 жилд хөрсний чийгийн дутагдал, дулаарлаас үүдэн алга болсон байна1. Цөлжилт, хуурайшилтын үйл явцын сөрөг үр дагаврыг бууруулах талаар нэлээд төсөв зардал гарган багагүй арга хэмжээ авч байгаа боловч төдийлөн дорвитой үр дүнд хүрэхгүй байна. Энэ нь шар шороон шуурга, элсний нүүлт, цөлжилтийн үйл явцыг сааруулах, хөрсний алдрал, үржил шимийн доройтлын судалгааны ажлыг цаг алдалгүй хийх нь өнөөгийн тулгамдсан асуудлууд болсныг харуулж байна. Судалгааны үндэслэл. 2009 оны 5-р сарын 12-ны өдөр байгуулсан гэрээний дагуу Хустайн БЦГ-т “Уур амьсгал, цөлжилтийн нөлөөгөөр хөрсний элэгдэл өөрчлөлтийн судалгаа” сэдэвт ажлыг гүйцэтгэсэн билээ. Мөн 1998 оноос эхлэн Хустайн нурууны хөрсөн бүрхэвчийн судалгаа2, Хустайн байгалийн цогцолборт газрын хөрсний шинж чанар, зарим микроэлементийн судалгаа3, ХБЦГ-ын ургамлын төлөв байдал4 гэх мэт судалгааны олон ажлууд хийгдэж жил бүр хэлэлцэн бүтээлдээ хэвлэн олны хүртээл болгож байгаа нь ихээхэн ач холбогдлоо өгч байгаа гэж судлаачын зүгээс үзэж байна. Эдгээр судалгаанд дурьдагдсан санал дүгнэлтээс үзэхэд Туулын бургасыг ихээхэн огтолж, элс, хайргыг ашигласнаас сөрөг үр дагавар их гарчээ. Иймээс тусгай хамгаалалттай нутгийн хөрс-ургамлан бүрхэвчийг нь сэргээх зайлшгүй шаардлага гарсан байна.

Keyword: Хөрсний элэгдэл,талхлагдсан бэлчээрийн хөрс,хөрсний хамгийн бага чийг багатаамж

Introduction

Энэ бүс нутагт малтай айлууд жилийн дөрвөн улиралд байнга нутагладаг байснаас Туул голын эргээс Зүүн ба Баруун Мандалыг хамруулан Байшинт, Эрдэнэцогт уулын бэл хормой хүртэл бэлчээр талхагдалд нилээд өртсөн юм. Ийм учраас талхлагдсан бэлчээрийн хөрс элэгдэх судалгааг энэ бүс нутагт хийсэн5 бөгөөд мал оруулахгүй байх нөхцлийг Хустайн БЦГ зохих хэмжээнд шийдвэрлэсэн билээ. Ургамлын гарц муудан түүний төрөл зүйл багасаж цөөрсөн, хөрсний үржил шим буурсан, ус шингээх ба нэвтрүүлэх чадварт өөрчлөлт орсон зэргээс шалтгаалан мал бэлчээрлэх боломжгүй болсон бэлчээрийг талхлагдсан гэж үздэг. Бэлчээрийн талхлагдал нь байгалийн тэнцвэрт байдалд хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг цөлжилтийн нэгэн хэлбэр юм. Бэлчээрийн талхлагдлын талаар манай орны эрдэмтдийн судалгааны дүнгээр нийт бэлчээрийн 30-40% нь талхлагдсан гэж үздэг. Энэ бол улс орны хэмжээнд ихээхэн хохирол учирч байгааг харуулж буй баримт юм. Хустайн БЦГ-ын зарим булаг шандууд ширгэж цөөрсний улмаас Туулын голын хөвөө, Баруун ба Зүүн мандал, Хөшөөтийн ам, Жаргалантын ам, Тариатын ус, Уртын ам, Алтганатын ам зэрэг газруудад бэлчээрийн хөрсний талхлагдал нилээд ихсэж байгаа гэж ойлгож байна. Эдгээр нөхцлүүдийн үндсэн дээр бэлчээр доройтож, бэлчээрийн хөрс элэгдэлд орж цөлжилтийн хандлагыг улам эрчимжүүлж байна. Иймд уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарах хөрсний эвдрэл, цөлжилтийн үр дагаврыг судлах нь тулгамдсан асуудлын нэг болсон байна.
Судалгааны ажлын зорилго, зорилт:

  • Өнөөгийн бэлчээрийн талхлагдлыг багасгах талаар цогц бодлого, арга хэмжээг бүс нутгийн онцлогт тохируулан урт хугацааны турш үе шаттайгаар төлөвлөн хэрэгжүүлэх үүднээс хээр, ойт хээрийн бүсийн бэлчээрийн талхлагдлын түвшинг тогтооход судалгааны ажлын гол зорилго оршино. Үүнд дараах дараах зорилтуудыг дэвшүүлсэн болно.
  • Бэлчээрийн талхагдалд харилцан адилгүй орсон ургамлын (фитомасс) хөдлөлзүйг тогтмол судалдаг хашсан, хашаагүй талбайнуудад хөрсний химийн болон физикийн шинж чанарын харьцуулсан судалгаа хийх

Material and Methods

Гүйцэтгэсэн ажлын хэмжээ.
Судалгааны ажлын хүрээнд Баянголын амны ургамлын хөдлөлзүйн судалгааны хашсан талбай (бэлчээрийн талхагдалд бага өртөгдсөн талбай ¹1), Устын амны адгийн ургамлын хөдлөлзүйн судалгааны хашсан талбай (бэлчээрт их талхлагдсан талбай ¹3)-нуудыг зэргэлдээх хашиж хамгаалаагүй орчинтой нь харьцуулан хөрсний зүсэлт ухаж морфологийн тогтоцын бичлэг хийн хөрсний лабораторийн задлан шинжилгээнд зориулж дээж авсны зэрэгцээ хөрсний чийг, бүтэц, нягт, ус нэвтрүүлэх чадвар, хамгийн бага чийг багтаамжийн тодорхойолтын судалгааг газар дээр нь хийж материал бүрдүүлснээс гадна хөрсний лабораторийн шинжилгээг хийж дүнг нэгтгэн дүгнэлт гаргав6,7.

 

Result

Бага талхлагдсан бэлчээр.
Хашааны гаднах хөрсний морфологийн тогтоцын бичлэг: Ху-09-10. Дунд зэргийн зузаан давхаргатай хар хүрэн хөрс (2009.8.12) Хустайн төв.Баянголын амны конторын баруун талын ургамлын судалгааны 1-р талбайн гадна. Хашааны баруун өмнөт талд, 3 м зайд хөрсний зүсэлт хийв. Энд зөвхөн тахь бэлчдэг бөгөөд малын бэлчээрт өртөгдөөгүй удсан газар ( 3-р зураг). 2002 онд хашиж 2003 оноос судалгаа явуулж эхэлсэн. Координат: ХӨ-47.69403, ЗУ-105.93013, Д.т.д-1325 м. Хялгана- шарилжит хээр. Ургамлын бүрхэц 70-80%. Гадарга нь зүүн урагш бага зэрэг хэвгий. 8-р сарын 8-нд орсон борооны улмаас хөрсний давхарга 30 см гүн норсон байна.

А 0-19 (24)см: Хар хүрэн өнгөтэй, чийгтэй, 0-5 см-ийн өнгөн хэсэг нь сайн ширэгжсэн, ургамлын үндэс ихтэй, бутрамтгай бөөмөрхөг бүтэцтэй, жижиг үйрмэг чулуу бага агуулсан (5-10%), сийрэгдүү нийцтэй, хөнгөн шавранцар, шилжилт өнгөөр мэдэгдэхүйц, хил зааг нь долгиорхог.
АВ 19(24)-27см: Дээд давхаргаас арай цайвардуу туяатай хар хүрэн өнгөтэй, чийгтэй, нарийн үндэс ихтэй, үйрмэг чулууны агууламжаар дээд давхаргаас арай их (10-20%), нягтавтар нийцтэй, хөнгөн шавранцар, давхаргын доод зааг хэсэгт давсны хүчилд сулавтар буцлалтын шинж илэрнэ. Шилжилт өнгөөр эрс, хил зааг нь тэгш.
ВСа 27 – 48 см: Шаравтар туяатай боровтор саарал өнгөтэй, чийгэрхүү, үндэс ховортой, зарим хэсэгтээ карбонатын толбон хуримтлалтай, үйрмэг чулуу ихтэй (30-40%), маш нягт, карбонатат хөнгөн шавранцар, шилжилт өнгөөр тод, хил зааг нь тэгш.
ВСаС 48- 65см: Бүдэг ягаавтар саарал өнгөтэй, чийгэрхүү, дээд давхаргаас үйрмэг чулуугаар бага, нягт нийцтэй, хөнгөн шавранцар.
Хашаан доторх талбай.
Ху-09-11. Дунд зэргийн зузаан давхаргатай хар хүрэн хөрс (2009. 08.12). Хустайн төв. Баянголын амны ургамлын судалгааны талбай ¹1. Ургамлын хөдлөлзүйн судалгаа явуулдаг хашсан хашааны дотор, баруун урд захад нь 30 см-ийн гүнтэй хагас зүсэлт хийв. Урамлан нөмрөг нь бага зэргийн шарилж холилдсон хялганат бүлгэмдэлтэй. Талбай борог өвс ихтэй, ургамлын тусгагын бүрхэц нь дээж аваагүй хэсэгтээ 80-85 %. 8-р сарын 8-нд орсон борооны улмаас хөрсний давхарга 50 см гүн хүртэл норсон байна.
А 0- 20 см: Бараандуу хар хүрэн өнгөтэй, чийгтэй, 0-8 см-ийн өнгөн хэсэгтээ сайн ширэгжсэн, сийрэгдүү, харин доошоогоо нягтавтар, ургамлын үндэс ихтэй, бутрамтгай жижиг бөөмөрхөг бүтэцтэй, үйрмэг чулуу багатай (5% орчим), хөнгөн шавранцар, шилжилт өнгөөр мэдэгдэхүйц, хил зааг нь тэгш
АВ 20-30см: Хар хүрэн өнгөтэй, чийгтэй, нарийн үндэс ихтэй, үйрмэг чулууны агууламжаар дээд давхаргаас их (10-15 %), нягтавтар нийцтэй, хөнгөн шавранцар.
Эдгээр зүсэлтийн морфологийн тогтоцын бичлэгээс үзэхэд ялзмагт давхарга (A+B) нь дунд зэргийн зузаантай, карбонатат давхарга нь харьцангуй сайн хөгжсөн байна. Карбонатын хуримтлал нь ВСа болон ВСаС давхаргын нунтаг шороон хэсэгт нэвчиж шингэсэн гурилархуу байдлаар, хөрс үүсгэсэн пролювийн хурдсан дахь хэмхдэс болон томоохон сайр чулууны доод талд үе үе нэвт норолтын (угаагдлын) дүнд үүссэн цайвар өнгийн хатуу өнгөр, хучаас хэлбэрээр илэрсэн байна. Бэлчээрийн талхлагдалд бараг өртөөгүйд тооцож байгаа дунд зэргийн үржил шимт давхаргатай хар хүрэн хөрс нь морфологи шинжийн хувьд чийг сайн агуулсан, ургамлан нөмрөг нь шигүү, үндэсний систем сайн хөгжсөн, бутрамтгай бөөмөрхөг бүтэцтэй, элэгдэл эвдрэлд өртөгдөөгүй хөрсөн бүрхэвчтэй байна. Хөрс үүсгэсэн чулуулаг нь пролювийн карбонатат шавранцар хурдас бөгөөд давсны хүчил дусааж сорилт хийхэд 27 см-ийн гүнээс доош бургин буцлалтын шинж илэрнэ.
Хөрсний механик бүрэлдэхүүний хувьд Н.А.Качинскийн ангиллаар элсэрхэг хөнгөн шавранцарт хамрагдах бөгөөд хөрс үүсгэсэн пролювийн хурдсаас бусад давхаргуудад нарийн ширхэгтэй элс (0.25- 0.05 мм ) болон бүдүүн ширхэгтэй тоосон фракц (0.05-0.01мм) зонхилно. Харин наанги шавар фракцын (<0.001 мм) эзлэх хувь бүх үе давхаргад жигд, хэлбэлзэл багатай байна (1-р хүснэгт).
 
Хөнгөн шавранцар хар хүрэн хөрсний ялзмагийн агууламж үндэсний биомасс ихтэй сайн ширэгжсэн ялзмаг хуримтлалын давхаргын дээд хэсэгт 3.12 %, доош аажим буурч АВ давхаргад 2.08 % байна. Энэ үзүүлэлтээр үржил шимт давхаргын ялзмагийн нөөцийг тооцоолоход 0-20 см гүнд 70.8 т/га байгаа нь хөнгөн шавранцар хөрсний хувьд арай бага тоон утга бөгөөд энэ нь судалгаа хийсэн нутгийн хөрсний нунтаг шороон хэсэгт дээр дурьдснаар элсэн фракц (1-0.05 мм) их агуулагдаж 68.7- 71.8% байгаатай холбоотой юм. Хөрсний ялзмагт давхарга карбонатгүй, карбонатат давхарга болон хөрс үүсгэсэн пролювийн хурдасны дээрхи шилжилтийн ВСаС давхаргын нунтаг шороон хэсгийн карбонатын агууламж их биш 1.4 -1.8 % байна. Хөрсний карбонатын эдгээр үзүүлэлттэй уялдаж урвалын орчин нь хэлбэлзэл багатай, бараг жигд шүлтлэг орчинг илгэсэн тоон утгаар (рН=7.4-8.6) илэрнэ (2-р хүснэгт).
Ургамлын биомассын хөдлөлзүйг судалдаг хашсан талбай болон түүний гаднах хамгаалалтгүй талбайн хөрсөнд хуурай шигшүүрийн аргаар тодорхойлсон бүтцийн судалгааны дүнгээс үзэхэд ялзмаг хуримтлалын давхаргад тоон утга нь 60- 82 % буюу ангиллын хувьд “сайн“ бүтэцтэйд тооцогдож байгаа боловч бүтцийн ус даах чадвараар “хангалттай” гэсэн шатлалд хамрагдан доогуур үзүүлэлттэй (49-65%) байна (3-р хүснэгт). Үүнд, бүтцийн тоон үзүүлэлтүүдийн бага утга хамгаалалтгүй талбайд илэрч байгаа нь энд хөрс нь харьцангуй нягт болохыг харуулж байна. Ийнхүү хөрсний ялзмагийн агууламж, бүтцийн үзүүлэлт нь адил дэд хэвшинжийн хөрсний тоон утгаас бага, төдийлөн сайн биш байгаа нь энэ хөрс боржин чулууны өгөршлийн хурдас дээр үүсч хөгжснөөс механик бүрэлдэхүүнд нь элсэн фракцууд давамгайлж байгаатай холбоотой бөгөөд ийм ч учраас энэ хавь нутагт хөрс усны элэгдэлд нэрвэгдэх үйл явц тод илэрдгийг бататгах жишээ нэлээдийг харж болно. Хөрсний нягт, хатуу хэсгийн нягт, сүвшилт зэрэг физик шинжийн үндсэн үзүүлэлтүүд хөнгөн шавранцар хар хүрэн хөрсний үе давхаргуудад харилцан адилгүй байна.
Хашааны гаднах хөрсний хатуу хэсгийн нягт үржил шимт давхаргад бага хэлбэлзэх (2.42 -2.45 г/м3 ) боловч зүй ёсоор сайн ширэгжсэн өнгөн давхаргад бага тоон утгаар илэрнэ. Энэ үзүүлэлт хөрсний доод давхаргуудад ихсэх бөгөөд хөрс үүсгэсэн чулуулгийн дээрх шилжилтийн ВСаС давхаргад 2.56 г/м3 хүрдэг. Харин хашаан доторх талбайд хатуу хэсгийн нягт 0-10 болон 10-19см-ийн давхаргад тус бүр 0.03 г/м3-ээр буурсан байна. Хашааны гаднах хөрсний нягт нь дээрхи хатуу хэсгийн нягттай нэгэн адил үе давхаргуудад мөн өөр өөр байна. Үүнд, хамгийн бага үзүүлэлт нь ялзмаг хуримтлалын давхаргын дээд хэсэгт 1.18 г/м3 байх бөгөөд доош зүй ёсоор ихсэх боловч нэлээд хэлбэлзэлтэй, 1.24 -1.34 г/м3 хооронд өөрчлөгдөнө. Харин хашаан доторх талбайн өнгөн хэсэгт нягтын үзүүлэлт 1.14-1.24 г/м3 хооронд хэлбэлзэж 0.04- 0.10 г/м3-ээр бага байгаа нь хашааны гаднах талбайнхаас арай сийрэг нийцтэйг харуулж байна (4-р хүснэгт). Хашаан доторх талбайн хөрсний нийт сүвшилт нь хамгаалалтгүй талбайнхаас 0-19 см давхаргын хэмжээнд дундажаар 2.3 %-иар их байна. Хөрсний нягт болон сүвшилтийн дээрх тоон үзүүлэлтүүд нь биомасс ихтэй энэ талбайн ургамлын үндэсний системийн сийрэгжүүлэх үйл явцтай холбоотойн илрэл юм.
Хөнгөн шавранцар хар хүрэн хөрсний ус шингээж нэвтрүүлэх хурд туршлагын эхний нэг цагт хашсан талбай болон түүний гаднах хамгаалалтгүй талбайн хөрсөнд харьцангуй ойролцоо 71.4 -95.4 мм байгаа нь ус нэвтрүүлэх шинжийн ангиллаар “сайн” гэсэн шатлалд хамрагдаж байгаа боловч бага үзүүлэлт нь талбайн гаднах хөрсөнд илэрдэг нь дээр дурьдсаар хөрсний нягт, бүтцийн болон сүвшлийн үзүүлэлттэй уялдаж байна (4-5-р зураг, 5-р хүснэгт).
Их талхлагдсан бэлчээр
Хашааны гаднах талбай. Зүсэлт Ху-09-02. Хустай. Туул голын хөндийн хойт энгэр хажуугийн бэл. Устын амны адгийн ургамлын судалгааны 3-р талбайн гадна, зүүн талд нь, хашаанаас 2 м зайд, гадаргуу нь бага зэрэг баруун урагш хэвгий. Хөрсний гадаргад янз бүрийн хэмжээний сайр чулуу болон ганц нэг том чулуу алаг цоог тохиолдоно. Хашааны эргэн тойрон малын хөлөөр их талхлагдсан. Хялгана, шарилж голлосон ургамлын бүлгэмдэл нь арив багатай, тусгагын бүрхэц нь 30- 35% орчим ажиглагдлаа (6-8-р зураг).
A 0-17см: Боровтор туяатай бараандуу хүрэн өнгөтэй, 0-4 см өнгөн хэсэг нь хуурай, доош чийгэрхүү, нарийн үндэс ихтэй, янз бүрийн хэмжээний сайр чулуу их агуулсан (60-70%), томоохон чулууны доод талд карбонатын цайвар өнгөртэй, нягт нийцтэй, элсэрхэг хөнгөн шавранцар, шилжилт өнгөөр аажим, хил зааг нь жигд.
ВСа17-29(33)см: Бүдэг шаравтар саарал өнгөтэй, чийгэрхүү, нарийн үндэс элбэгтэй, сайр чулуу давхаргын хэмжээнд жигд биш агуулсан (30-40%) нягт нийцтэй, карбонатат хөнгөн шавранцар, шилжилт өнгөөр тод, хил зааг тэгш биш.
ВСаС29(33)-50см: Дээд давхаргаас арай цайвар буюу шаравтар саарал өнгөтэй, хуурай, үндэс ховортой, ганц нэг том чулуу тохиолдох элсэрхэг хөнгөн шавранцар.
Хашаан доторх талбай Ху-09-02. Хустай. Устын амны ургамлын хөдлөлзүйн судалгааны хашсан талбай ¹3. Энэ хагас зүсэлтийг хашаан дотор Ху-09-02-р зүсэлтийн харалдаа ухсан бөгөөд гадарга нь тэгш, гадаргад ил гарсан чулуу байхгүй, ургамлан нөмрөг нь талбайн гаднахтай жишихэд харьцангуй шигүү тусгагын бүрхэцтэй (40-50 %) байна.
A 0-19 см: Бараавтар хүрэн өнгөтэй, 0-4см хуурай, доош чийгэрхүү янз бүрийн хэмжээний өөр чулуу ихтэй /60-70%/. Чулуундаа карбонат өнгөртэй, нарийн үндэс ихтэй, нягт, элсэрхэг хөнгөн шавранцар, шилжилт өнгөөр алгуур, хил зааг жигдэвтэр.
ВСа 19-30см: Чийгтэй, бүдэг шаравтар саарал өнгөтэй. Сайр чулуу жигд бус агуулсан /30-40%/ нарийн үндэс элбэгтэй хөнгөн шавранцар, нягт, шилжилт өнгөөр тод, хил зааг жигдэвтэр.
Их талхлагдсан бэлчээрийн хар хүрэн хөрсний механик бүрэлдэхүүний задлан шинжилгээний дүнгээс харахад физик шаврын (<0.01мм) агуулгаараа Баянгийн амны судалгааны талбайн хөрстэй адил элсэрхэг хөнгөн шавранцарт хамрагдаж байгаа боловч механик ширхгүүдийн үе давхаргууд дахь хуваарилалт нь ялгаатай байна. Үүнд, ихэнхи хувийг нь эзэлж байгаа том ба дунд зэргийн ширхэгтэй элс (1-0.25мм), нарийн ширхэгтэй элс (0.25-0.05 мм), бүдүүн ширхэгтэй тоосны (0.05-0.01 мм) эзлэх хувь, тэдгээрийн харьцаа нэн ойролцоо байгаагийн зэрэгцээ хөрсний үржил шимд голлох үүрэгтэй наанги шавар фракцын (< 0.001 мм) агуулга нь Баянгийн талбайн хөрснийхөөс харьцангуй бага байна. Механик бүрэлдэхүүнээр хашаан доторхи болон хашааны гаднах талбайн хөрс ойролцоо байгаа хэдий ч хөрсний өнгөн давхаргад тоосорхог ширхгүүд нь хамгаалалтгүй талбайд арай бага байна. Энэ нь малын хөлөөр бутарч нунтаг болсон хөрс шороо салхи усаар туугдаж хорогдсонтой холбоотой юм (6-р хүснэгт).
Их талхлагдсан бэлчээртэй хар хүрэн хөрсний химийн голлох шинж чанарыг үзэхэд механик бүрэлдэхүүний хувьд дээр дурьдснаар Баянгийн талбайн хөрснийхтэй ойролцоо байгаа хэдий ч тоосорхог хэсгүүдийн хэмжээ, харьцаанаас хамааралтайгаар ялзмаг, хөдөлгөөнт шим тэжээлийн элемент зэрэг үржил шимийн үзүүлэлтүүүдээрээ зүй ёсоор бага байгаа нь харагдаж байна (7-р хүснэгт).
Устын амны адгийн судалгааны талбайн элсэрхэг хөнгөн шавранцар хар хүрэн хөрсний бүтцийн байдлын 0.25- 10 мм- ийн хэмжээтэй хуурай ба нойтон бүтцүүдийн тоон утгууд нь Баянгийн амны судалгааны хөрсний тоон үзүүлэлтээс 10 орчим хувиар бага, өөрөөр хэлбэл хашаан доторхи хөрсний бүтцийн үзүүлэлт нь ялмаг хуримтлалын давхаргад 67- 68 %, хашааны гаднах их талхлагдсан хөрстэй газарт зүй ёсоор бага 57-58 % байна. Ялангуяа усанд тэсвэртэй бүтцийн эзлэх хувь хэмжээ их талхлагдсан хөрснийхөд нэн бага 23-28 % хүртэл буурсан байгаа нь энэ хөрсний механик бүрэлдэхүүнд том болон дунд зэргийн ширхэгтэй элсэн фракц бага талхлагдсан талбайн хөрснийхөөс их агуулагдаж байгаатай холбоотой юм (8-р хүснэгт).
Бэлчээрт их талхлагдсан элсэрхэг хөнгөн шавранцар хар хүрэн хөрсний физик шинжийн үндсэн үзүүлэлтүүд хөрсний үе давхаргуудад мөн өөр өөр байна. Хөрсний хатуу хэсгийн нягт хашаан доторхи болон хашааны гаднах талбайн хөрсний үржил шимт давхаргад ойролцоо үзүүлэлттэй (2.45 -2.48 г/м3 ) байна. Харин хөрсний нягт хашааны гаднах талбайн хөрсөнд хашаан доторхи хөрснийхөөс харьцангуй илүү (1.28 -1.29 г/м3), үүний их тоон утга өнгөн дөвхаргад илэрч байгаа нь бэлчээрийн талхагдлаас хөрсний энэ давхарга илүү нягт байгаагийн илэрхийлэл бөгөөд зөрөө нь 0-10 см давхаргад 0.04 г/м3 хүрч байна. Хөрсний үржил шимт давхаргын доор залгаж орших BCa давхаргын нягт болон хатуу хэсгийн нягтын үзүүлэлтүүд нь зүй ёсоор их байна (9-р хүснэгт). Бэлчээрт их талхлагдсан элсэрхэг хөнгөн шавранцар хар хүрэн хөрсний хувьд хашааны гаднах талбайн хөрсний өнгөн давхаргын (0-10см) нийт сүвшилт нь хашсан талбайн хөрснийхөөс 2.1%-иар бага байгаа нь энэ хөрс малын хөлийн нөлөөнд дагтаршиж нягтарсантай холбоотой юм.
Устын амны судалгааны хашсан талбайн хөрс туршлагын эхний нэг цагт 64.2 мм буюу Баянголын амныхаас 1.5 дахин бага ус шингээсэн нь түүний дээр авч үзсэн физикийн шинж чанаруудтай уялдаж байгаагийн зэрэгцээ энэ хавийн хөрс хашиж хамгаалалтад авахааас өмнө бэлчээрт их ашиглагдаж байсантай холбож үзэх нь зүйтэй. Ийм ч учраас хашиж хамгаалаагүй, одоо бэлчээрт өргөн ашиглагдаж байгаа газрын ус нэвтрүүлэх хурд эхний нэг цагт бага үзүүлэлттэй (44.2 мм), туршлагын дараагийн цагуудад улам буурч байгаа нь энэ хөрсний генетик үе давхагуудын онцлог болон бэлчээрт их талхлагдсаны нөлөө юм (10-р хүснэгт).

Discussion

Хустайн байгалийн цогцолборт газрын бэлчээрийн талхагдлын хөрсөнд үзүүлэх нөлөөг Баянголын ам болон Устын амны адагт ургамлын (фитомасс) хөдлөлзүйн судалгаа явуулдаг хар хүрэн хөрстэй хашсан болон хашиж хамгаалаагүй талбайнуудад харьцуулан судалж хөрсний физикийн болон химийн шинж чанарын адил төстэй шинж, ялгаа, онцлогийг илрүүлэв. Үүнд:

  • Эдгээр талбайн хөрс гарал үүслийн хувьд хоёулаа хар хүрэн хөрсний дэд хэвшинжид хамрагдаж механик бүрэлдэхүүнээрээ мөн ижил элсэрхэг хөнгөн шавранцарт хамрагдаж байгаа боловч хөрсний үе давхаргууд дахь нунтаг шороон хэсгийн болон сайр чулууны агуулга, тэдгээрийн харьцаа өөр өөр байна. Тухайлбал, Баянголын амны хөрсөнд нарийн ширхэгтэй элсэн фракц зонхилж байхад Устын амны хөрсөнд янз бүрийн ширхэгтэй элс бараг жигд агуулагдаж, сайр чулууны эзлэх хувь нэмэгдэсний зэрэгцээ наанги шавар фракцын хэмжээ нь харьцангуй бага байна.
  • Бэлчээрийн талхагдлын нөлөө, эвдрэлд нэрвэгдэх байдлыг илрүүлэх чиглэлээр эталон хөрс болгож авсан хашиж хамгаалсан талбайн хөрсний бүтцийн тоон утга өндөр, нягт нь харьцангуй бага учир нийт сүвшилтээр илүү, ус нэвтрүүлэх чадвараар сайн зэрэг физик шинжийн үзүүлэлтүүд эерэг байгаа нь алдралд бага орсон ургамалжилт нь сэргэж биомасс нь нэмэгдэж байгаа талбайн хөрсний үндэсний системийн сийрэгжүүлэх үйл явцтай холбоотойг бататгаж байна.
  • Судалгаа явуулсан газрын хөрсөн бүрхэвчийн ихэнхи нь хөнгөн (элсэрхэг хөнгөн шавранцар) механик бүрэлдэхүүнтэй байгаагаас элэгдэл, эвдрэлд нэрвэгдэх магадлал өндөртэйг харгалзан зарим талхлагдалд их орсон газруудыг (Устын ам орчмын газар зэрэг) бэлчээр ашиглалтаас үе шаттайгаар чөлөөлж тодорхой хугацаанд хамгаалалтад авснаар ургамлан нөмрөг нь сэргэж хөрс хамгаалах ач холбогдолтойг цаашид анхаарах хэрэгтэй.

Reference

  1. Банди.Н Цөлжилт гэж яриад л суугаад байх уу? //Монголын хөдөө сонин., ¹22, 2009 он.
  2. О.Баттулга. Д.Батбаяр Хустайн нурууны хөрсөн бүрхэвч 1999он. “Тахь” эрдэм шинжилгээний бүтээл ¹4/2. 41-44 хуудас
  3. О.Баттулга О.Батхишиг ХБЦГ-ын хөрсний зарим микроэлементийн хангамж. “Тахь” эрдэм шинжилгээний бүтээл ¹4/2. 45-52хуудас, 1999 он
  4. Ж.Сэргэлэн ХБЦГ-ын ургамлын төлөв байдлын судалгааны тайлан. 2006 он.
  5. Б.Дорж. О.Баттулга Хустайн БЦГ-ын элэгдэл эвдрэлийн судалгааны тайлан, 2001 он.
  6. Аваадорж.Д, Баттулга.О Хөрс судлалын дадлага ХААИС. 2006 он.
  7. Вадюнина.А.Ф, Корчагина.З.А Методы исследования физических свойств почв, 3 изд., М., Агропромиздат. 1986, 416с.
  8. Судалгааны ажлын тайлан (Хустайн байгалын цогцолборт газар), 2007он. Хустайн төв.