Electronic Scientific Paper Archive

Хустайн байгалийн цогцолборт газрын ойн шавьжийн бүлгэмдэл, хөнөөлт шавьжийн нягтшил

Ч.Гантигмаа1, М.Алтанцэцэг2, Р.Тунгалаг2, Б.Буянжаргал1
1ШУА-ийн Биологийн хүрээлэн 2Монгол Улсын Их Сургууль

Keyword: Хустай,ойн шавьж,зүйлийн бүрэлдхүүн,хөнөөл шавьжийн популяцийн төлөв

Introduction

Манай орны ойн сан 18.3 сая га бөгөөд ой модоор бүрхэгдсэн талбай нь 12.9 сая га буюу нийт нутаг дэвсгэрийн 8.2 хувийг эзлэх (Ойн тухай үндэсний хөтөлбөр) бөгөөд үүнээс шилмүүст, навчит ойн талбай 10.5 сая га 6.7%/ газрыг эзэлдэг гэсэн үзүүлэлтээрээ ойн нөөцөөр хомс орны тоонд зүй ёсоор ордог. Сүүлийн жилүүдэд /сүүлийн 60 жилд/ монгол орны агаарын жилийн дундаж температур 1.56 хэмээр дулаарсан, мөн хур тундасны хэмжээ ихэнхи нутагт олон жилийн дундажаас 10 хувиас дээж хэмжээгээр буурсан үзүүлэлт нь нийт нутгийг хамарсан хуурайшилтыг нөхцөлдүүлсэн. Дээрх нөхцөл байдлын улмаас тус орны нутаг дэвсгэрийн 25 хувийг хамарсан ган гачиг 2-3 жилд 1 удаа, нийт нутгийн 50 хувиас илүү хэсгийг хамарсан ган 4-5 жилд 1 удаа тохиолдох болсны зэрэгцээ тал хээр, говийн бүсийн нутгаар тохиох шороон шуургатай өдрийн тоо 1960 оныхтой харьцуулахад 3-4 дахин нэмэгдсэн (Чулуун нар, 2009). Үүнтэй уялдан нэг талаас цаг агаар хэт хуурайшиж, дулаарснаас шавьж үржих тааламжтай нөхцөл бүрдсэн, нөгөө талаас шавьжийн үй олноороо үржин олшрох биологийн онцлогтой холбогдон модны зарим зүйл хөнөөлт шавьж хэт олшрон Монгол орны хэд хэдэн аймаг, сум, нийслэлийн нутгийг хамарсан голомт бий болсон. Энэхүү үйл явц монгол орны ойн санд тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлэх болсон. Тухайлбал, сибирийн хүр эрвээхэй (Dendrolimus superans L.), өрөөсгөл хүр эрвээхэй (Lymantria dispar L), эгэл бийрэн сүүлт (Orgyia antiqua L.), якобсоны төөлүүр (Erannis jacobsoni ), шинэсний шилмүүс хуйлагч (Zeiraphera diniana Gn.), эвэрт цох (Cerambycidae), мөлгөр цох (Buprestidae), холтосч цох (Scolytidae) зэрэг хөнөөлт шавьж удаа дараа олширч монгол орны ойн санд нилээд хэмжээний хохирол учруулж байгааг олон эх сурвалж тэмдэглэсээр байгаа билээ (Намхайдорж нар., 2005; 2008). Иймд бид энэхүү ажлын хүрээнд Хустайн Байгалийн Цогцолбор газрын ойн хөнөөлт шавьжийн зүйлийн бүрэлдхүүн, тоо толгойн нягтшилыг судлаж, улмаар популяцийн хандлагыг тодорхойлох зорилго тавьсан.

Material and Methods

Модлог ургамлаар хооллох шавьжийн судалгаа: Модлог ургамал шүтэж байрших, модны гол иш, мөчир, навчаар хооллох шавьжийн зүйлийн бүрдэл, арвийг судлахдаа (1) модлог ургамлын мөчир дээр байрлаж иш, навч, шилбээр хооллох шавьжийг “доргиож унагаан урхидах” аргаар, (2) шөнийн цагт идэвхитэй шавьжийг богино долгионы гэрлэн урхи ашиглан цуглуулж ангилал зүйн боловсруулалт хийв. Судалгааг 2008 болон 2009 оны 6,7 дугаар саруудад тус бүр нэг удаа гурван талбайд (Өвөр Мойлт, Ар Мойлт, Бааст) хийж гүйцэтгэсэн. Шавьжийн зүйлийн олон янз байдал: Шавьжийн бүлгэмдлийн төлөв байдлыг үнэлэхдээ зүйлийн баялаг, элбэгшлийг тооцохын зэрэгцээ бүлгэмдлийн тэнцвэрийг илэрхийлэгч жигд байдлын индексийг тооцно. Бүлгэмдлийн олон янз байдлыг EstimateS 6b1a программ ашиглан тооцсон. Үүнд зүйлийн баялаг, элбэгшилийг тооцсоны зэрэгцээ бүлгэмдэл дэх зүйлийн олон янз байдлыг Фиширийн альфа индекс ашиглан үнэлсэн. Олон янз байдлын альфа индекс нь тодорхой газар нутгийн биологийн олон янз байдлыг голлон зүйлийн баялагаар илэрхийлэх бөгөөд дээжийн хэмжээнээс ихээхэн хамаардаг индекс юм. Үүнийг дараах томъёогоор тооцоолно.

S=a*ln(1+n/a)
Энэхүү томьёонд тусгагдсан тэмдэгт нь бүлгэмдэл дэх зүйлийн тоог, n – бодгалийн тоог, a - Fisher-ийн  индексийг тус тус илэрхийлнэ. ( Үүнд: S- бүлгэмдэл дэх зүйлийн тоо; n – бодгалийн тоо a - Fisher-ийн  индекс)
Бүлгэмдлийн тэнцвэрийг илэрхийлэх жигд байдлын индекс (Е) нь бүлгэмдэл дэх зүйлийн харьцангуй элбэгшил хэр зэрэг жигд байгааг хэмждэг гэдгийг үзүүлнэ. (Krebs, 1998).
E= pi*lnpi /logs
Үүнээс pi- дээжинд тохиолдох i дэх зүйлийн магадлал, S- зүйлийн тоог тус тус илэрхийлнэ.

Result

Модлог ургамлаар хооллох шавьжийн судалгаа:
Модлог ургамлын мөчир дээр байрлаж иш, навч, шилбээр хооллох шавьжийг “доргиож унагаан урхидах” аргыг ашиглан Өвөр Мойлт, Ар Мойлт, Баастын хусан ойд тохиолдлоор сонгож авсан модноос 2008-2009 онд нийтдээ 8 багт хамрагдах 21 овгийн 54 зүйл шавьж /Хавсралт 1а./ тэмдэглэсэн ба шавьжийн тархалт, арвийг биотоп тус бүрээр нь авч үзэхэд статистикийн хувьд ялгаа ажиглагдсангүй (ANOVA:F(2,3)=1.75; p<0.31) (Хүснэгт 1).

Хустайн Байгалийн цогцолбор газрын ой бүхий нутаг дэвсгэрт тохиолдох модлог ургамлыг шүтэж байрших шавьжийн бүлгэмдлүүд өөр хоорондоо 25-35%-иар ялгаатай болох нь ажиглагдсан (График 1). Өөрөөр хэлбэл, Ар мойлтын хусан ой, Баастын хусан ойд тархах шавьжийн бүлгэмдэл ялгаатай байдлын 25% дээр нэг бүлэг үүсгэсэн байхад энэ бүлэг Өвөр мойлтын хусан ойн шавьжийн бүлгэмдэлтэй 35%-ийн ялгаатай байдлаар нэг бүлэг үүсгэж байна (График 1).
Судалгааны явцад цуглуулсан дээж материалд Ар мойлт, Өвөр Мойлт, Баастын хусан ойн биотопуудад гурвууланд нь махч бясааны овгийн (Anthocoridae) нэг зүйл зонхилж байсны зэрэгцээ өрөөсгөл хүр эрвээхэйн хүрэнцэр (Lymantria dispar L.) нэг дээжинд дунджаар 3±2 бодгалиар тохиолдож байв. Түүнчлэн Alydus calcaratus (Alydidae), Adelphocoris tenebrosus Kerz. (Miridae) зэрэг хагас хатуу далавчтан биотоп тус бүрт 2-3 бодгалиар баригдсан. Харин бусад шавьжийн хувьд тохиолдох давтамж нь харьцангуй бага буюу 1-2 хүртэлх бодгалиар тоологджээ. Бидний сонгож авсан талбайд хайрсан далавчтаны багын Lymantriidae овогт багтах өрөөсгөл хүр (Lymantria dispar L.) эрвээхэй, эгэл бийр сүүлт эрвээхэйн (Orgyia antiqua L.) авгалдай, мөн нэг зүйл эвэрт цох (Cerambycidae) зэрэг ойн хөнөөлт шавьжийн гол төлөөлөгчид цөөн тоогоор тэмдэглэгдсэн. Мөн Epicauta sibirica, Mylabris speciosa (Coleoptera) зэрэг бэлчээрийн хортон гэгдэх зүйлүүд нилээд түгээмэл тархалттай байв.
2. Богино долгионы гэрлэн урхи ашиглан цуглуулсан дээжид анхан шатны боловсруулалт хийж үзэхэд нийт 30 зүйлд /Хавсралт 1б./ хамрагдах 275 бодгаль тохиолдсоноос Ар мойлт, Бааст, Өвөр Мойлтод тохиолдох зүйлийн тоо 15, 10, 11 (нэрлэсэн дараалалаар) байсан. Нийт дээжинд 2 зүйл торон далавчтан (Neuroptera), 1 зүйл хатуу далавчтан (Coleoptera), 27 зүйл хайрсан далавчтан (Lepidoptera) хуримтлагдсан. Бүлгэмдэлд зүйлүүдийн эзлэх хувь харилцан адилгүй, тухайлбал, нугын бүгэг (Loxostege sticticalis) бүх биотопод хамгийн их тоотойгоор тохиолдож байв. Бүлгэмдэлд зөвхөн 1 бодгалиар тохиолдсон зүйлийн тоо дээрх гурван биотопод зонхилох хувийг эзэлж байсан. Өөрөөр хэлбэл тухайн арга зүйгээр судалгаа хийж үзэхэд 29 зүйлийн 24 нь зөвхөн нэг биотопод тохиолдож байв. Тухайлбал, Athetis pallustris, Cabera exanthemata, Chrysopidae 1sp., Chrysopidae 2sp., Gastropacha quercifolia, Harpalus brevicornis, Lomaspilis marginata, Lygephila sp., Myrmeleontidae sp.1, Mythimna turca зэрэг зүйлүүд зөвхөн Ар мойлтын хусан ойд, Chiasmia clathrata, Chortodes elymi, Clostera pigra, Cucullia propinqua, Eupithecia sp. зүйлүүд зөвхөн Баастын хусан ойд тэмдэглэгдсэн байхад Autographa excelsa, Chersotis deplanata, Itame fulvaria, Lygephila ludicra, Mythimna velutina, Polia bombycina mongolica, Rhyparia purpurata, Scotopteryx chenopodiata зэрэг зүйлүүд зөвхөн Өвөр мойлтын хусан ойд бүртгэгджээ. Хэдийгээр нугын бүгэг (Loxostege sticticalis) эрвээхэй аль ч биотопод ноёлож байсан ч бүлгэмдэлд багтах бусад шавьж нь зүйлийн олон янз байдал болон арвийн хувьд өөр хоорондоо 36-45 %-ийн ялгаатай байдаар нэг бүлэг үүсгэж байв. Судалгаанд хамрагдсан ойн шавьжийн бүлгэмдэл жигд байдлын индексийн хувьд 0.5 –тай тэнцүү утгатай байсан нь тухайн бүлгэмдэл одоогийн байдлаар тэнцвэртэй байдалд байгааг илэрхийлж байна. Хөнөөлт шавьжийн нягтшил: Дээр дурьдсан хоёр арга зүйгээс “доргиож унагаан урхидах” арга нь модлог ургамлын зүйлүүд, тэдгээрийг шүтэж байрлах шавьжийн бүлгэмдлийг илрүүлэхэд ашиглагдсан бөгөөд энэ тохиолдолд хагас хатуу далавчтан, цох, хос далавчтан, сарьсан далавчит шавьжийн ургамлын бөөс, хайрсан далавчтан шавьжийн авгалдай, тухайлбал, өрөөсгөл хүр (Lymantria dispar L.) эрвээхэй болон эгэл бийр сүүлт эрвээхэйн (Orgyia antiqua L.) хүрэнцэр баригдаж байв. Харин богино долгионы гэрлэн урхи ашиглан дээж цуглуулахад дээрх зүйл эрвээхэйн бие гүйцсэн бодгаль цөөн тоогоор тохиолдож байв. Хустайн байгалийн цогцолбор газарт 2008, 2009 онуудад хийсэн судалгааны үр дүнд үндэслэн хөнөөлт шавьжийн нягтшилыг харьцуулан үзэхэд тус онуудад баригдсан эгэл бийр сүүлт эрвээхэйн (Orgyia antiqua L.) хүрэнцэр тооны хувьд ялгаагүй, харин өрөөсгөл хүр (Lymantria dispar L.) эрвээхэйн хүрэнцэрийн тоо статистикийн хувьд эрс ялгаатай (ANOVA:F(1,4)=108; p<0.001) байлаа. Богино долгионы гэрлэн урхи ашиглан цуглуулсан дээж материалд дээрх зүйл эрвээхэйн бие гүйцсэн бодгалийн тохиолдоц 2009 онд өмнөх оноо бодвол цөөн тоотой байгаа нь ажиглагдсан (Гантигмаа, 2008). Харин бүх дээжинд нугын бүгэг эрвээхэй (Loxostege sticticalis) тоо толгойн хувьд хэт давамгайлж байлаа.

Discussion

Хустайн байгалийн цогцолбор газрын ой бүхий нутаг дэвсгэрт 2008-2009 онд зохион байгуулсан хээрийн судалгаагаар нийт 8 багт хамрагдах 22 овгийн 61 зүйл шавьж бүртгэгдлээ. Хустайн байгалийн цогцолбор газрын ойн шавьжийн бүлгэмдэл зүйлийн олон янз байдлын хувьд баялаг байсан хэдий ч тоо толгойн хувьд харьцангуй цөөн байв. Ойн хөнөөлт шавьжийн гол төлөөлөгчдөөс хайрсан далавчтаны багт хамрагдах өрөөсгөл хүр (Lymantria dispar L.), эгэл бийр сүүлт эрвээхэйн (Orgyia antiqua L.) хүрэнцэр цөөн тоогоор тохиолдож, Attelabidae овгийн Deporaus betulae L. хэмээх навч хуйлагч шөвгөр хошуут цох, мөн Cerambycidae овогт хамрагдах нэг зүйл эвэрт цох зөвхөн нэг бодгалиар тэмдэглэгдэв. Харин өрөөсгөл хүр эрвээхэйн (Lymantria dispar L.) хувьд 2008 онд тус бүс нутагт нүүдэллэн ирсэн популяциас уг нутагт “суурьшиж үлдсэн” популяци бий болох магадлалтай байна. Мөн Aphididae овогт хамрагдах Euceraphis betulae? Koch. хэмээх ургамлын бөөс зөвхөн хус модон дээр тохиолдож байсан. Эдгээр зүйлүүдийн хувьд популяцийн төлөв байдал нь ойд хөнөөл учруулах хэмжээний бус харин тус нутгийн шавьжийн бүлгэмдэлд Epicauta sibirica, Mylabris speciosa (Coleoptera), Gargara mongolica (Homoptera), нугын бүгэг (Loxostege sticticalis) зэрэг бэлчээрийн хортон зүйлүүд маш элбэг (тоо толгойн хувьд өндөр нягшилттай) байлаа.

Conclusion

Сүүлийн үед цаг уурын өөрчлөлт, дулаарлаас шалтгаалан хортон шавьж өсөх хандлагатай байгаа (Намхайдорж нар., 2005; 2008). Хустайн байгалийн цогцолбор газрын ойн шавьжийн бүлгэмдэлд гол төлөв хайрсан далавчтан зонхилж байснаас бүх дээжинд нугын бүгэг (Loxostege sticticalis) эрвээхэй маш их тоогоор тохиолдож байсны зэрэгцээ өрөөсгөл хүр эрвээхэй (Lymantria dispar L.) биотопын бүх эвшилд тэмдэглэгдсэн. Гэхдээ өнгөрөгч 2009 онд урхинд орсон өрөөсгөл хүр (Lymantria dispar L.) эрвээхэйн хүрэнцэрийн тоог 2008 оныхтой харьцуулахад статистикийн хувьд ялгаатай байгаа нь уг зүйл тоо толгойн хувьд ихэссэн гэдэг санааг илэрхийлж байгаа бус, харин магадгүй 2008 онд тус бүс нутагт нүүдэллэн ирсэн популяциас уг нутагт суурьшиж үлдсэн популяци бий болж байна хэмээн тайлбарлах нь зүйтэй юм болов уу. Aphididae овогт хамрагдах Euceraphis betulae? Koch. хэмээх ургамлын бөөс зөвхөн хус модон дээр түгээмэл тохиолдож байсан. Гэхдээ тус нутгийн шавьжийн бүлгэмдэлд хөнөөлт шавьжийн тоо толгойг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг Chrysopa abbreviate, Chrysopa carnea болон Myrmeleon formicarius гэсэн торон далавчит шавьж нилээд элбэг байсан нь дээрх зүйл ургамлын бөөс тоо толгойн хувьд хэт олшрохгүй байх магадлалтай юм (Frederick, 1936).
Хустайн байгалийн цогцолбор газрын шавьжийн бүлгэмдэлд хамгийн их тоогоор тохиолдож байсан нугын бүгэг (Loxostege sticticalis) эрвээхэй ойд хөнөөл учруулахаасаа илүү бэлчээрийн ургамалд нөлөө үзүүлдэг. Энэ зүйл эрвээхэй тухайн бүс нутгийнхаа цаг уурын онцлогоос хамаарч 5 сарын сүүлээс 9 сар хүртэлх хугацаанд нисэх ба жилд 2 удам өгнө. Түүнчлэн цаг уурын тааламжтай нөхцөлд тоо толгой нь хэт олшрох явдал ажиглагдах бөгөөд 1м2 талбайд тоологдох авгалдайн тоо 10 хүрсэн тохиолдолд бэлчээрийн ургамалд ихээхэн хэмжээний хохирол учруулдаг (Kuznetsova & Smirnova, 2002). Тодруулбал, уг зүйл эрвээхэйн авгалдай идэш тэжээлийн хувьд маш өргөн сонголттой тул тоо толгойн хувьд их олширсон жилдээ бэлчээрийн ургацын хэмжээг 60 хүртэлх хувиар бууруулдаг байна (Alekhin & Kuznetsova, 2003; Knorr & Gorbunov, 1995).

Reference

  1. Alekhin V.T., Kuznetsova T.L. (2003): The Beet Webworm and control measures against it (Recommendations). Moscow: FGNU "Rosinformagrotekh". 76 p. (in Russian).
  2. Fal.kovich M.I., Martin M.O. 1999. Family Pyraustidae - widewing moths. In: Insects and mites - pests of agricultural crops. V. III., part 2. Lepidoptera. St.-Petersburg: Nauka, p. 167-170.
  3. Гантигмаа Ч., Алтанцэцэг М., Тунгалаг Р., Буянжаргал Б. (2008): “Хустайн Байгалийн Цогцолбор газрын ойн хөнөөлт шавьжийн судалгаа” сэдэвт гэрээт ажлын тайлан.
  4. Frederick James Klillington. (1936): A monograph of the British Neuroptera. Volume I. London.
  5. Krebs Charles J. (1998): Ecological methodology. Second edition. 607 pp.
    Knorr I.B., Gorbunov N.N. 1995. Bioecological principles in methods of revealing, registration, forecasting and control measures against the Beet Webworm in Siberia (Recommendations). Moscow: Tsentr nauchno-tekhnicheskoy informatsii, propagandy i reklamy.
    Kuznetsova T.L., Smirnova M.P. 2002. Methods of the Monitoring Beet Webworm. In: Monitoring and forecasting methods of pest development. Moscow, St.- Petersburg.
    Намхайдорж Б., Пунцагдулам Ж., Алтанчимэг Д., Энхнасан Д., (2005): “Монгол орны ойн шавьж” сэдэвт ажлын тайлан. 42 хуудас.
    Намхайдорж Б., Пунцагдулам Ж., Алтанчимэг Д., Энхнасан Д., (2008): “Монгол орны ойн шавьж” сэдэвт ажлын тайлан.
    Чулуун Т., Давааням С., Алтанбагана М., Саруул Б., (2009): Цөлжилт түүний шалтгаан, үр дагавар, бууруулах шийдлүүд. 32 хуудас